Шууд Chart

БНСУ-ын Бусан хот өнгөрсөн онд эрүүл мэндийн 30 мянган жуулчин хүлээж авчээ

2025-04-10 16:59:10

Өнгөрөгч 2024 онд Өмнөд Солонгосын Бусан хот эрүүл мэндийн аялал жуулчлалын хүрээнд 30 мянга шахам жуулчныг гадаад орнуудаас хүлээж авсан байна.

Энэ нь тус хотод 2009 оноос эх суурь нь тавигдсан эмнэлэг, эрүүл мэндийн чиглэлийн аялал жуулчлалын түүхэн дээд үзүүлэлт болсон байна.

Бас "ковид" цар тахал болон Украины дайнтай холбоотойгоор буурсан энэ талын үзүүлэлт мэдэгдэхүйц эргэн сайжирсныг илтгэсэн дүн болсныг "Кориа таймс" мэдээлсэн байна.

Үүний дүнд тухайлбал, Бусан хот нийслэл Сөүлээс гадагш байрлалтай хот, бүс нутгуудаас анх удаа тэргүүлж, Жежү болон Дэгү хотуудын урд орсныг энэ хотын захиргаанаас онцолсон байна.

2024 онд 30 мянгад дөхсөн энэ үзүүлэлт нь өмнөх 2023 онд 12 мянга байсан дүнгээрээ даруй хоёр дахин гаруйгаар өссөн үзүүлэлт юм байна.

Энэ дундаас Японы өвчтөн эмчлүүлэгчид хамгийн олноор буюу 24.3 хувийг эзэлж, ард нь Тайвань, Хятад, Оросын жуулчид орж буй юм байна.

Өмнөд Солонгосын боомт хот Бусанаас 50-иадхан км-ийн зайд байрлалтай байдаг арлын орон Японы тухайд энэ үзүүлэлтэд хоёр дахь жилээ дараалан тэргүүлсэн дүн үзүүлжээ.

Оросоос ирэх жуулчдын тухайд 2022 оноос Бусан-Оросын хоорондох шууд нислэгүүд зогссоноор энэ тоо огцом буураад байжээ.

Уг нь Оросын Алс Дорнодоос Бусанд 2 цаг хагас нисэж очих боломжтой байдаг нь оросуудын хувьд эмчилгээ сувилгаа хийлгэхээр зориход хамгийн дөхөм чиглэлийн нэгд орж иржээ.

Салбар чиглэлээр нь авч үзвэл, Бусаны арьс судлалын эмчилгээ оношилгооны чиглэл хамгийн өндөр эрэлттэй байдаг байна. Энэ хотыг зорьдог эрүүл мэндийн аялал жуулчлалын 50-ххс дээш хувь нь арьс судлал, гоо сайхны мэс заслын үйлчилгээ авсан байгаа юм байна.

Өмнөд Солонгос улсын хэмжээнд бүхэлд нь авч үзвэл, өнгөрөгч оны туршид нийт 1 сая 170 мянгаад эмнэлэг, эрүүл мэндийн чиглэлийн жуулчин гаднаас хүлээн авчээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын Бусан хот өнгөрсөн онд эрүүл мэндийн 30 мянган жуулчин хүлээж авчээ   
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй