
Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, Б.Уянга, Г.Хосбаяр нар 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгааг талууд онцлоод, энэ хугацаанд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эрчимтэй хөгжиж буйг тэмдэглэлээ.
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар нэн тэргүүнд 2021 онд эхэлсэн Сангийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулсан 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийн талаар Элчин сайд Чой Жин Воноос тодруулав. Тус төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ноён Чой Жин Вон өгөөд, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 10 дулааны станцыг ашиглалтад оруулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулан, холбогдох талуудтай нягт хамтран ажиллаж байгаагаа дуулгасан.
Үргэлжлүүлэн талууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд аж үйлдвэржилтийн арвин туршлагатай БНСУ-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцоод, хоёр орны аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны түвшинд ахиц гаргахад онцгой анхаарч Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой нягт хамтарч ажиллахаар санал нэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
АҮББХ-ны дарга, гишүүд Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 318 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.