
Нийслэлийн харьяа 21 эрүүл мэндийн байгууллага, улс болон хувийн хэвшлийн 14 их, дээд сургууль хамтран сувилахуйн тусламж, үйлчилгээг танилцуулах өдөрлөг зохион байгууллаа. Тодруулбал, хүний нөөцийг нэмэгдүүлэхээр харьяа эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, тэр дундаа сувилахуйн тусламж үйлчилгээг оюутнуудад сурталчлан таниулж, бусад эрүүл мэндийн байгууллагатай туршлага солилцож байгаа юм.
Өдөрлөгийн талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Бат-Ирээдүй “Бодлогын түвшинд сувилахуйн тусгай мэргэжилтнүүдийн хүний нөөцийг нэмэх зорилгоор олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь уг өдөрлөг. Өдөрлөгийн хүрээнд энэ чиглэлээр суралцаж буй төгсөх курсийн оюутнуудад хэрхэн цалинтайгаар ажиллангаа суралцах, төгсөөд нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад ажилласнаар нийгмийн баталгаа, цалин, тэтгэмж, урамшуулал гэх мэт дэмжлэг туслалцааг хэрхэн үзүүлэх зэрэг мэдээллийг хүргэж, сонирхсон эмнэлэгтээ ажиллах боломжийг нь олголоо. Мөн эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн сайн туршлагыг бусдадаа хуваалцан, туршлага солилцсон үр дүнтэй арга хэмжээ болсон” гэлээ.
Нийслэлийн “Амгалан” амаржих газрын захирал Ц.Батболд “Бид 2021 оноос эхлэн сувилагчийн хүний нөөцийн дутагдлыг арилгахаар сувилагчийг эх баригчаар орлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж буй. Мөн “Энэрэх” эмнэлэг болон АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран хүний нөөцөө бүрдүүлж байна. Тэрчлэн нярай, эрчимт, мэс заслын чиглэлээр 14 туслах сувилагчийг ажлын байран дээр бэлтгэн, мэргэшүүлж, ирэх зургаадугаар сард төгсөхөөр бэлтгэж байна. Ингэснээр хүний нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлж чадсан” гэв.
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга Ц.Бурмаа “Манай эмнэлэг нь 310 ажилтантай бөгөөд үүний 86 нь сувилагч, тусгай мэргэжилтнүүд. Бид хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Миний мэдэх сувилагч” эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулсан. Ингэснээр хараахан мэргэжлээ сонгоогүй сурагчид сувилахуйн шинжлэх ухааны үнэ цэнийг мэдэж авсан. Мөн АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбарын оюутнууд болон бусад их, дээд сургуулийн оюутнуудад эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулан, хүний нөөцийг бүрдүүлж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Шинэ Анагаах ухаан их сургуулийн Сувилахуйн сургуулийн 4-р курсийн оюутан Б.Мөнгөнсар “Би хоёрдугаар курсийн оюутан байхаасаа "Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II"-т мэргэшин, ажиллаж эхэлсэн. Сургуулиа төгсөөд энэ эмнэлэгтээ үргэлжлүүлэн ажиллаж, үндсэн хүч болж байгаадаа баяртай байна. Өмнө нь нарийн мэргэжлээр мэргэшихийн тулд тусгай сургуульд сурч, ажлын байраа хадгалах боломжгүй байсан. Харин энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирснээр ажлын байраа хадгалангаа давхар мэргэшиж болдгийг мэдэж авлаа” хэмээв.
Сувилахуйн тусламж, үйлчилгээг танилцуулах өдөрлөг зохион байгууллаа | ||
Үзсэн: 251 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.