
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2025.04.12) “Эрчист Монгол” ТӨХХК-ийн харьяа уул уурхайн бус төрийн өмчит компаниудын удирдлагуудтай Төрийн ордонд уулзлаа.
Өнөөдөр зарим төрийн өмчит хуулийн этгээдийн зардал өндөр, эзэмшиж буй хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад ашигт ажиллагаа, өгөөжийн түвшин бага, санхүүгийн сахилга бат сул, үр ашиггүй байгаа юм.
2023 оны жилийн эцсийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой толгой 99 (охин, хараат компанийг оролцуулаад нийт 122) компани 11 салбарт нийт 58,087 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан байна.
Эдгээр компани, үйлдвэрийн газрууд нь 2023 оны санхүүгийн аудитын тайлангаар нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, 4 их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, дунджаар 7.76%-ийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан.
2023 оны аудитын санхүүгийн тайланд үндэслэн эрсдэлийн ерөнхий үнэлгээг Олон Улсын Валютын Сангийн ашигладаг санхүүгийн шалгуур үзүүлэлтийн дагуу тооцож үзэхэд, хөрөнгийн өгөөж дунд буюу 0-ээс -5%-ийн хооронд үзүүлэлттэй 23, өндөр эрсдэлтэй буюу -5%-иас муу үзүүлэлттэй 20 компани, үйлдвэрийн газар байна. Түүнчлэн, өр төлбөрийн болон нийт хөрөнгийн харьцаагаар 50-75%-ийн хооронд буюу бага эрсдэлтэй 14, 75-100%-ийн хооронд буюу дунд эрсдэлтэй 11, 100%-иас их буюу өндөр эрсдэлтэй 14 компани, үйлдвэрийн газар байна.
Төрийн өмчит компани бол нийтийн өмчийг ашиглан баялаг бүтээх зорилготой байгууллага юм.
Тиймээс улс төрөөс ангид, ил тод нээлттэй, үр ашигтай, сайн засаглалтай байх ёстой. Ингэхдээ төрийн зайлшгүй хийх ёстой чиг үүргийг хувийн хэвшилтэй өрсөлдөж бус хамтарч, хариуцлагатай ажилладаг зөв тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Аливаа үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод байх нь төрийн өмчит компанийн ажилдаа баримтлах гол зарчим байх ёстой. Үр дүнд нь төрийн өмчит компанийн эдийн засгийн үр өгөөж, бүтээмж, өрсөлдөх чадвар дээшлэхээс гадна тэдэнд итгэх иргэдийн итгэл сэргэх ач холбогдолтой гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал онцлов.
Н.Учрал: Төрийн өмчит компаниуд улс төрөөс ангид, ил тод, нээлттэй, үр ашигтай ажиллах ёстой | ||
Үзсэн: 252 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.