Шууд Chart

Монгол Улс, Саудын Арабын хооронд амьд малын худалдааны чиглэлээр хамтран ажиллах санал солилцов

2025-04-15 08:53:32

Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн яамны Амьтны эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний газрын дарга Надер Мохлед Аль-Харби, Амьтны хорио цээрийн газрын захирал Салех Ал Саад тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.

Төлөөлөгчид Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Махны холбоо зэрэг байгууллагуудтай хоёр талт уулзалт зохион байгуулав. Уулзалтаар мал эмнэлгийн тогтолцоо, мал, амьтны эрүүл мэнд болон амьд мал, тахианы өндөг Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсын зах зээлд нийлүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Нийт 34.4 сая хүн амтай Саудын Арабын Хаант Улс нь жилд 10.0 сая орчим хонины халал мах импортолж, хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд “Хаж” буюу лалын шашинтнуудын их мөргөл үйлдэх жил тутмын ёслолд гадаад, дотоодоос 2-3 сая хүн оролцдог бөгөөд энэ үеэр ойролцоогоор хоёр сая хонь амьдаар импортлох хэрэгцээ үүсдэг талаар онцолж байлаа.

Иймд монгол малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээний тогтолцоо, хорио цээрийн арга хэмжээний талаар дээрх ажлын хэсэг судлахаар Монгол Улсад ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.  


Монгол Улс, Саудын Арабын хооронд амьд малын худалдааны чиглэлээр хамтран ажиллах санал солилцов  
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй