
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг дөрөвдүгээр сарын 14-ний шөнийн 00:00 цагт албадан чөлөөлж, өнөө өглөө нурааж эхэллээ.
Тус барилга бол нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа есөн объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь элэг судлалын клиник төв болон түүний харьяа объектуудыг хувьдаа хууль бусаар ашиглаж байсан юм.
Ашиглалтад ороод хэдийн 73 жилийг үдэж, ашиглах боломжгүй дүгнэлтэд хүрсэн эмийн үйлдвэрийн барилга дээр албаныхныг очиход айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч байв.
Эмийн үйлдвэрийн барилгын талаар хотын дарга Х.Нямбаатар “Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулна. Энэ бол төрийн өмчийг хууль бусаар ашиглан, дарагдуулж, ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй байсаар балгас болгон үнэгүйдүүлж буй нэг л жишээ. Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулахад хууль, эрх зүйн ямар нэг зөрчил байхгүй” гэсэн юм.
Д.Амгалан: Эмийн үйлдвэрийн барилгыг зориулалтаар нь ашиглаагүй, иргэдэд түрээсэлж байгаа нь хууль бус үйлдэл
Ж.Хатанбаатар нь улсын есөн объектыг хууль бусаар ашиглахдаа улсад ямар ч төлбөр төлдөггүй, 10 гаруй жил зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж, орлогыг завшиж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй холбогдох хууль тогтоомжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын захирлыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас томилдог томилгоог тус төвийн өмнөх удирдлагууд удаа дараа эсэргүүцэж, зохих ёсны шаардлагыг огт биелүүлдэггүй.
Энэ мэт нөхцөл байдал удаа дараа давтагдсан учраас өчигдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан тус эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, Эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж, нурааж эхэллээ. Эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлөх үеэр НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн эмийн үйлдвэрийн барилгыг чөлөөлөх тухай мэдэгдлийг Ж.Хатанбаатар болон тус үйлдвэрт амьдарч байгаа айл өрхөд хүргүүлсээр байсан. Өнөөдрийг хүртэл барилгыг суллаагүй учраас албадан чөлөөллөө. Эмийн үйлдвэрийн барилгыг зориулалтаар нь ашиглаагүй, иргэдэд түрээсэлж байгаа нь хууль бус үйлдэл” гэв.
Хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж, нурааж эхэллээ | ||
Үзсэн: 247 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.