Шууд Chart

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа

2025-04-15 16:01:24

Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын дарга А.Баяр танилцууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцуулав.

Тэрээр "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот суурин газрыг иргэдэд ээлтэй, түгжрэлгүй, утаагүй, хүн төвтэй, нийгмийн үйлчлгээг хүртээмжтэй болгох зорилготой. 20 минутын хот гэдэг шинэ зүйл биш. Анх 1900-аад оны үед АНУ-ын хот төлөвлөгч хотыг нэгжээр төлөвлөх санааг гаргасан байдаг. Нэгж дотроо дэд бүтцийн төлөвлөлтүүдээ багтаасан байдаг. Одоогийн манай 1-р хороолол, 3,4-р хороолол зэрэг нь 20 минутын хотын нэгжийн төлөвлөлтөөр зохион байгуулагдсан гэсэн үг. Гэвч эдийн засгийн тэлэлт, замбараагүй газар олголт, хүн амын өсөлт зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан үзэл баримтлалаа алдсан. Энэ зөвхөн Улаанбаатар хот ч биш, дэлхийн томоохон хотууд ч ийм нөхцөл байдалд хүрээд эргээд нэгжийн төлөвлөлт буюу 20 минутын хотын үзэл баримтлалыг дахин эрчимтэй хэрэгжүүлж эхэлж байна. 20 минутын хот үзэл баримтлалын гол зорилго нь нэгжийн төлөвлөлт хийхдээ боловсролыг нэн тэргүүнд тавьж байгаа. Хүүхдүүд гэрээсээ гараад 20 минутын дотор сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ авах ёстой. Явганаар 2км, дугуйгаар 5 км зайд гэсэн үг. Хоёрт эрүүл мэндийн үйлчилгээ, гуравт цэцэрлэгт хүрээлэн, дөрөвт биеийн тамир, спорт байгууламжийг иргэдэд ойртуулах үндсэн зорилготой. Ингэхдээ иргэдийн санал санаачилгыг сонсож, оролцоог хангаж ажиллана” хэмээн мэдээлэл өглөө.

Үүний дараа НИТХ-ын төлөөлөгчид “20 минутын хот үзэл баримтлал”-ын төсөлтэй холбоотойгоор асуулт асуулаа. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Нийслэлд баригдаж буй маш олон хотхонууд сургууль, цэцэрлэггүй баригдаж байна. Сургууль, цэцэрлэг барих стандартаа мөрдөхгүй байхад Улсын комисс хүлээж аваад байна. Энэ байдлыг зогсоохгүй бол 20 минутын дотор хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн боловсрол авах боломжгүйд хүрнэ. Энэ тал дээр ямар бодлого баримталж, хуулийн зүйл заалт тусгах вэ” хэмээн тодрууллаа. Мөн гэр хорооллын алслагдсан бүсийн хүүхдүүдийг 20 минутын дотор сургууль, цэцэрлэгтээ хэрхэн хүрэх, одоо байгаа зарим сургууль, цэцэрлэгийг барилгад давхар нэмж барих зэрэг ажлуудыг хэрхэн тусгасан талаар тодруулж холбогдох албаныхан тайлбар өглөө.

Өнөөдрийн хэлэлцэж буй асуудлууд:

  • “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийн талаарх танилцуулга
  • “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай
  • “Туулын хурдны зам”-ын төсөл арга хэмжээний төсөвт, өртөгт өөрчлөлт оруулах тухай
  • Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай
  • “Улаанбаатар кабел кар” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
  • “КОП-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
  • Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай
  • Орон сууцны байрыг нийслэлийн өмчид бүртгэх тухай
  • Барилга, байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай
  • Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй