Шууд Chart

Хөрөнгө, санхүүгийн зах зээлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр зөвлөлдлөө

2025-04-15 17:01:35

Улсын Их Хурлын даргын 2024 оны 329 дүгээр захирамжаар байгуулагдсан Виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 8 дахь удаагаа өнөөдөр хуралдлаа.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд даргалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Ш.Бямбасүрэн, Г.Золжаргал, П.Ганзориг, Э.Батшугар нар оролцов.

Энэ өдрийн хуралдааны эхэнд виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлага болон зорилгыг батлах асуудлыг хэлэлцлээ. Тус хуулийн төслийн зорилгыг хөрөнгө, санхүүгийн зах зээлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх хэмээн тодорхойлсон бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, харилцагчийг эрсдэлээс хамгаалах зэрэг харилцааг хуульчлахаар төсөлд тусгажээ.

Түүнчлэн ийм төрлийн хуулийг батлан хэрэгжүүлж буй улс орнуудын туршлага, хуулийн төсөл батлагдсанаар бий болох үр дүнгийн талаар хэлэлцлээ. Тухайлбал, Европын холбооны эрх зүйн зохицуулалтын жишгийн дагуу холбогдох зохицуулалтыг төсөлд тусгаснаар хөрөнгө босгох үйл ажиллагааг хялбар, шуурхай болгохоос гадна санхүүгийн салбарт инновацын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, төлбөр тооцоог дундын зуучлалгүйгээр шуурхай, хямд өртгөөр хийх боломжийг нээх аж.

Харин Япон Улс 2017 онд крипто валютаас олсон орлогыг “Бусад орлого” хэсэгт бүртгэх орлого болгон татварын орчныг тодорхой болгожээ. Түүнчлэн 30 сая иенээс дээш дүнтэй гүйлгээг холбогдох байгууллагад тайлагнах зэрэг зохицуулалтуудыг тусгаснаар үр дүнд хүрсэн байна. Цаашид олон улсын хууль, эрх зүйн зохицуулалтыг судлах бөгөөд FATF (Travel Rule) болон Олон улсын санхүүгийн байгууллагуудын шаардлага, Япон, Сингапур, Солонгос, АНЭУ, Европын холбоо, АНУ-ын туршлагыг судлахаар төлөвлөжээ.

Үүний дараа ажил мэргэжлийн дэмжлэг үзүүлэх багийн гүйцэтгэх ажлын жагсаалттай танилцаж, виртуал хөрөнгийн зах зээлийн зохицуулалт дахь хууль, эрх зүйн орчны нөхцөл байдал, шаардлагатай нэмэлт өөрчлөлт, бусад харилцааг хэрхэн зохицуулах талаар санал солилцов. Тодруулбал, хуулийн төслийн хамрах хүрээ, шинэ нэр томъёог токенжуулах асуудлын талаар хэлэлцэж, илүү системчлэхээр тогтов. Тухайлбал, хэрэглээний шинж чанар, гаргасан зорилго, ашиглаж буй технологи зэргээс нь хамааран ангилах талаар хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг “Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой сегментүүдийг хэрхэн зохицуулах, бүртгэгдсэн хөрөнгүүдийн хувьд хуулийн зохицуулалт өөр байна. Үнэт цаас буюу хувьцаа, бонд, өрийн бичиг зэргийг зохицуулалт тус тусдаа өөрөөр бичигдэх ёстой. Эдгээр асуудлуудыг хэрхэн зохицуулж ангилах, үүнтэй холбогдуулан ямар хуульд өөрчлөлт оруулахыг тодорхой болгох ёстой” гэв.

Хурлын төгсгөлд виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулах хуулийн төсөл боловсруулах төлөвлөгөө гаргах, хэрэгцээ шаардлагын талаарх тандан судалгаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх зэрэг ажлыг зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх багийн бүтэц, зохион байгуулалтын чиглэлээр харилцан санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хөрөнгө, санхүүгийн зах зээлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр зөвлөлдлөө  
Үзсэн: 269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй