Шууд Chart

Д.Амгалан: Татвар, нийгмийн даатгал, тодорхойгүй байдлаар их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнуудыг шалгуулна

2025-04-15 17:44:13

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг өнгөрсөн гуравдугаар сард томилсон.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ажил үүргээ хүлээлцээгүй, их хэмжээний өр үүсгэж хохирол учруулсан болон НЭМГ-ын даргын тушаалыг биелүүлээгүй зарим албан хаагчийг ажлаас чөлөөллөө.

Мөн Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн байранд их засвар хийж, төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн дүүргийн хэмжээнд шаардлагатай байгаа хүүхдийн болон дотрын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо. 

Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв бол нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллага. Сарын өмнө тус эмнэлгийн захирлаар А.Дэлгэрбаярыг томилсон хэдий ч өмнөх удирдлагын эсэргүүцлээр эмнэлгийн үйл ажиллагаа тасалдаад байсан. Тиймээс эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг зогсоож буй албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөллөө. Мөн өнгөрсөн хугацаанд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь хууль бус эзэмшлийнхээ хүрээнд нийгмийн даатгалд 705 сая төгрөг, татварт 507 сая төгрөг, тодорхойгүй нэг тэрбум 26 сая төгрөгийн өр үүсгэж, их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаар шалгуулна. Энэ онд уг эрүүл мэндийн байгууллагын их засварын ажилд 4.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Засвар хийснээрээ СХД-т нэн шаардлагатай байгаа хүүхдийн болон дотрын эмнэлэг, элэг судлалын тусламж, үйлчилгээг өргөжүүлнэ” гэв. 

Харин СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн нөхцөл байдлын талаар тус тасгийн эрхлэгч З.Ганчулуун мэдээлэл өглөө. Тэрбээр “Дүүргийн хүүхдийн тасаг нийтдээ хэвтэн эмчлүүлэх 130 ортой. Гэвч жилийн турш 250-300 хүүхэд хүлээж авдаг. Мөн яаралтай тусламжийн тасгаар өдөрт 150 гаруй хүүхэд, ханиад томууны үед 350-400 хүүхэд үйлчлүүлдэг учраас байнгын өндөр ачаалалтай ажиллаж байна. Сонгинохайрхан дүүрэгт 135 мянган хүүхдэд ганцхан тасаг ногддог учраас өвлийн их ачааллын үеэр зарим хүүхдийг ЭХЭМҮТ-рүү шилжүүлэн эмчлүүлдэг болсон. Тиймээс СХД-т нэмэлт хүүхдийн эмнэлэг зайлшгүй шаардлагатай” гэлээ. 


Д.Амгалан: Татвар, нийгмийн даатгал, тодорхойгүй байдлаар их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнуудыг шалгуулна  
Үзсэн: 316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй