Шууд Chart

С.Одонтуяа: Хархорум хотод олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2025-04-16 14:54:23

Хархорум хотыг байгуулахаар Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газрын холбогдох тогтоолуудыг гарч, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус хотын байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй өчигдөр газар дээр нь танилцлаа.

Хархорум хотын тал хувийг ногоон байгууламжтай, сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээг шийдэхээр төлөвлөж байгаа бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан болон Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга З.Батбаяр нар ногоон байгууламжийн төслөө танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хархорум хотод 1580 га талбайд ойн зурвас байгуулахаар төлөвлөсөн юм.

САЙД С.ОДОНТУЯА: ХАРХОРУМ ХОТОД ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА

Хархорум хотод олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар төлөвлөсөн. Энд хүмүүс ирж мод тарьдаг, усалгаа, арчилгаа, хамгаалалттай, мэдээллийн төвтэй байх юм. Хархорум хотыг байгуулахад манай яам маш их ач холбогдол өгч ажиллана. Дэлхий даяар хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байна. Мод тарих нь хүлэмжийн хийн шингээлтэд чухал нөлөөтэй. Мод тарих, хамгаалалтын хашаа болон усалгааны системийн суурилуулалтыг 4,5 дугаар сард хийхээр ажлаа эхлүүлээд байна.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.УРТНАСАН: ХАРХОРУМ ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ БҮТЭЭХ АЖИЛД БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭН АЖИЛЛАНА

Монголын эртний нийслэл Хархорум хотыг шинээр бүтээн байгуулах ажил эхэлж байна. Бид хотын ногоон байгууламжийг бүтээх ажлыг эхлүүлээд ажиллаж байна. Энэ талбайд БОУАӨ-ийн сайдын төсвөөр 8000 орчим шилмүүст болон навчит мод тарина. Мөн усан хангамжийг шийдэх ажлыг санхүүжүүлж, энэ үйл ажиллагааг зохион байгуулна. Олон нийтийн санаачилга, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэг сая модыг тарьж, ургуулахад мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана. Мөн модны ургалтыг дэмжих чиглэлээр олон нийтийн, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд манай яам анхаарч ажиллаж байна. Малын яс, сэг зэмээр бордоо үйлдвэрлэдэг “Промон Трейд” компани 100 орчим модын ургацыг дэмжих бордоог хандивлалаа. Иргэд ажиллаж, амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх, ногоон байгууламжийг бүтээх ажилд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам олон нийтийн өмнө хариуцлага хүлээн ажиллана.

УСНЫ ГАЗРЫН ДАРГА З.БАТБАЯР: ХАРХОРУМ ХОТЫГ АЛЬ БОЛОХ ЦӨӨН ХУДАГТАЙ ГАДАРГЫН УСАНДАА ТУЛГУУРЛАСАН ХОТ БАЙХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

-21 дүгээр зуунд хот байгуулахын тулд бүтээн байгуулалт эхлэхээс өмнө  хотын усны асуудлыг эхлээд шийдэх ёстой. Хархорум хот голоор хүрээлэгдсэн, нууртай хот байх ёстой учраас энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг сорилт тулгарч байна. Энэ хүрээнд  олон жилийн өмнөөс хатаж, ширгэсэн Хэлтгий цагаан нуурыг сэргээх үндсэн арга зам бол Хөгшин Орхон голын сэргээх асуудал байгаа. Хөгшин Орхон голын Орхон голоос ус татаж замаар сэргээх боломжтой. Хархорум хотыг хаягдал усгүй хот байлгахаар төлөвлөж байна. Хаягдал ус гэдэг нь маш өндөр хэмжээнд цэвэрлэгдсэн, байгаль орчинд ээлтэй байдаг. Эко хот болохын тулд маш их хэмжээний мод тарих ёстой. Модыг ургуулах үндсэн арга нь усжуулалтын арга байдаг. Усжуулалтаа гадаргын болон газрын доорх усаар хосолсон байдлаар шийднэ. Аль болох цөөн худагтай гадаргын усандаа тулгуурласан хот байхаар төлөвлөж байна.

ОЙН ГАЗРЫН ДАРГА Б.ОЮУНСАНАА: ХАРХОРУМ ХОТОД ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ХҮРЭЭНД  1500ГА ТАЛБАЙД НЭГ САЯ МОДЫГ ТАРЬЖ УРГУУЛНА

-Хархорум хотод ногоон бүсийг байгуулах ажил эхэлж байна. Уул уурхайн компаниуд болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарсан хэлбэрээр 1500га талбайд нэг сая модыг тарьж ургуулна. Тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн кампаниуд сонгон шалгаруулалтаар сонгогдож Мод тарилтын ажлыг гүйцэтгэнэ. Тарилт, арчилгааны явцад Ойн газар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.


С.Одонтуяа: Хархорум хотод олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулна  
Үзсэн: 223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй