Шууд Chart

Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V дугаар хуралдаан болно

2025-04-17 17:47:43

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр  \2025.04.17\ Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад Суугаа  Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзан, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V дугаар хуралдааныг  зохион байгуулах талаар ярилцаж, комиссын хуралдааны үеэр хэлэлцэх  зарим асуудлыг тогтлоо.

Монгол Улсын Шадар сайд, Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан  хоёр орны найрамдалт харилцааг  шинэ шатанд хөгжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлж,  хүнс, хөдөө аж ахуйн салбарт илүү идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад Суугаа  Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Айбек Артыкбаев хоёр орны худалдааны эргэлт 2023 онд 2.3 сая ам.доллар байсан бол энэ  оны 10 дугаар сарын байдлаар  4 дахин өссөн үзүүлэлттэй байгааг цохон тэмдэглэв. Түүнчлэн Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээр хийгдэхээр ярилцаж байгаа нь Киргиз улсад ч эергээр нөлөөлөх чухал алхам гэдгийг онцолж байлаа.

Өнөөдрийн уулзалтаар хоёр улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын  хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд  илүү анхаарч ажиллах, бизнес форум зохион байгуулах, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллааг сайжруулж, соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулах зэрэг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарыг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо.

Манай хоёр орон 1992 оны 4-р сарын 22-нд дипломат харилцаа  тогтоосноос хойш 33 жилийн турш бүхий л салбарт хамтран ажиллаж, найрамдалт харилцаагаа өргөжүүлж байна.


Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V дугаар хуралдаан болно  
Үзсэн: 390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй