Шууд Chart

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Төв, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгуудад ажиллаж байна

2025-04-20 09:18:01

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУС-ын Байнгын хорооны дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Б.Хэрлэн, Г.Хосбаяр, О.Саранчулуун, Ж.Галбадрах нар ажиллаж байна.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүжилтээр хэрэгжиж буй тус төсөлд Төв аймгийн 19 сумын ерөнхий боловсролын 16 сургууль, хүүхдийн 14 цэцэрлэг, 7 дотуур байр хамрагдсан. Өнөөдрийн байдлаар 31 объектод хийгдсэн ариун цэврийн байгууламжид байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж, ашиглалтад хүлээн аваад байна.

Жаргалант сумын тухайд төслийн II ээлжид 1 цэцэрлэг, 2 сургууль, III ээлжид 1 цэцэрлэг, IV ээлжид 1 сургууль, 1 дотуур байр, нийт 6 объект хамрагдсан. Төслийн хүрээнд ашиглалтад орсон ариун цэврийн байгууламжийн ашиглалт хэвийн байна. Сумын Засаг дарга, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагын зүгээс ариун цэврийн байгууламжийн засвар, үйлчилгээг хариуцах мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, байнгын орон тоогоор ажиллуулах, ашиглагчийн урсгал зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар санал хэллээ. Мөн энэхүү төслөөс өмнө ашиглалтад орсон ариун цэврийн байгууламжуудын засвар үйлчилгээ, технологийн шийдлүүдийг орчин үеийн стандартад нийцүүлж, шинэчилж, өөрчлөх шаардлага байгаа талаар Ажлын хэсэгт танилцуулжээ.


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Төв, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгуудад ажиллаж байна  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй