Шууд Chart

Дэлхийн хамгийн том муурны үүлдрүүд

2025-04-21 12:12:41

Муур буюу гэрийн муур нь хүмүүсийн хайрыг татахаас гадна хортон мэрэгч, могой, хилэнцэт хорхой зэрэг гэрийн хортныг агнах чадвар, хүнд дасах чадвараараа бидний үнэнч нөхөр болсон амьтан. Муур нь дор хаяж 9500 жилийн өмнө хүний амьдралд орж ирсэн гэх таамаг бий. Муур нь амар тайван, хэрүүл шуугиангүй, баяр хөөртэй хүмүүсийн дунд байх дуртай гэнэ.

Орчин үед хүмүүс муурыг тэжээхээсээ илүү түүний чадварыг ашиглах гэж "нөхөрлөх" болсон бөгөөд зүрх муутай хүн муурыг зүрхэн дээрээ тэврэхэд өвчин нь илаарьшдаг гэх ойлголт ч түгээмэл таржээ. Манай оронд нэг их тэжээгээд байдаггүй ч гаднынхан муурыг хүүхэд шигээ эрхлүүлж, бүр өв залгамжлуулдаг тухай яриа ч байдаг. Муурын дундаж жин нь 2.5-7кг хүрдэг бөгөөд дундаж өндөр 23-25см, урт нь 46 см (толгой, бие) ба сүүлний урт 30 см байдаг ажээ.

Үе мөч, булчин шөрмөс нь тун зөөлөн, уян хатан байдаг тул толгойнхоо эргэн тойрноос бусад биеийнхээ бүх хэсгийг долоож чаддаг чадварлаг амьтан юм. Мөн үсрэх чадвар сайтай бөгөөд биеийн өндрөөсөө тав дахин илүү үсэрч чаддаг байна. Цагт 60 км орчим хурдлах чадвартай гэж ярьдаг ч эгшин зуур богино зайд өндөр хурд гаргахаас өөр хол давхидаггүй ажээ.

Энэ удаад дэлхийн хамгийн үүлдрийн 5 муурыг танилцуулж байна.


Мейн Куун (Maine Coon)

Хойд Америкийн хамгийн эртний байгалийн унаган үүлдэр бөгөөд 6,8-11,3 кг хүртэл жин татдаг. Урт үстэй, тайван, ухаалаг, гэр бүлд ээлтэй гэгдэх энэ үүлдрийн Баривел гэх муур 120 см урттайгаар дэлхийн хамгийн урт муур гэсэн рекордыг эзэмшдэг байна.


Саванна (Savannah)

1980-аад онд Африкийн сервал муурыг гэрийн мууртай эвцэлдүүлж гаргасан гибрид үүлдэр. Өндөр, урт хөлтэй тэжээвэр энэ үүлдэр нь 5,4-11,3 кг жин татдаг. Хамгийн өндөр Саванна муур Арктурус 48 см өндөр байсан байна.


Сибирийн муур (Siberian)

Байгалаас уламжлагдсан үүлдэр бөгөөд Орос муур. 3,6-11,8 кг жин татдаг энэ үүлдрийн муурууд нь Сибирийн хүйтэн уур амьсгалд дасан зохицсон байдаг.


Рэгдолл (Ragdoll)

Нэр нь тэврэхэд "даавуун хүүхэлдэй" шиг сул дорой болдог зангаас үүдэлтэй. Нөхөрсөг, тайван, гэр бүлд ээлтэй гэж үздэг. Ерөнхийдөө 4,5-9 кг жин татдаг энэ үүлдрийг 1960-аад онд Анн Бэйкер гэх муур сонирхогч гэрийн урт үст мууруудаас гаргаж авчээ.


Норвегийн ой модны муур (Norwegian Forest Cat)

Биеийн жин нь 5,4-7 кг хавьцаа байдаг энэ үүлдрийн муур нь Хойд Европын хүйтэн уур амьсгалд дасан зохицсон байгалийн уугуул юм байна.


Дэлхийн хамгийн том муурны үүлдрүүд  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй