
Монгол Улсад 2026 онд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд “Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт”-ыг Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагууд хамтран 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулав.
Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, НҮБ болон бусад олон улсын хөгжлийн агентлаг, байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг байгууллагуудын төлөөлөл болох 80 орчим албаны төлөөлөгчид оролцлоо.
Үндсэн илтгэл, мэдээллээр Монгол Улсын Засгийн газраас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах хүрээнд баримталж буй бодлого, зорилт, олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллах хүрээ, "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бэлтгэл ажил, анхаарах асуудлуудын талаар танилцуулав.
Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсаас дэвшүүлж буй “Бэлчээрийн шүхэр санаачилга”, эвсэл байгуулах зэрэг бодлогын залгамж байдлыг хангах, Монгол орны цөлжилт, газрын доройтлын чиглэлээрх олон улсын сайн туршлагыг танилцуулах, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох зэрэг асуудлыг онцлов.
Гадаад харилцааны яамны дэргэдэх COP17 Бэлтгэл ажлын алба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй COP17 бага хурлыг зохион байгуулах хүрээнд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурав. Энэ хүрээнд COP17 бага хурлын бэлтгэл, зохион байгуулалтыг үр дүнтэй хангах, тогтвортой бодлогын санаачилгуудыг хэрэгжүүлэх, Монголын тэргүүлэх сайн туршлагыг таниулах зорилгоор хамтран ажиллаж, мэдлэг, туршлага солилцож, бүх талын оролцоог дэмжин ажиллахаар тогтов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
ГХЯ: Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт боллоо | ||
Үзсэн: 185 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.