
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү өнөөдөр /2025.04.22/ хүлээн авч уулзлаа.
Япон улсын Эзэн Хаан Хатны хамтаар ирэх долдугаар сард Монгол Улсад айлчлах хийх гэж байна. Энэхүү айлчлал нь Япон улсын хувьд долоон жилийн дараа Монгол Улсад хийж буй айлчлал бөгөөд Эзэн хааны айлчилж буй гурав дахь улс болж байгааг талууд онцлон тэмдэглэв.
Монгол Улс Япон улстай “Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаатай бөгөөд олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. Тэр дундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг бэхжүүлэхэд Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран ажиллаж байна. Цаашид дэвшилтэт технологийг дагасан өгөгдлийн шинжээч, AI, өндөр технологийн чиглэлийн боловсон хүчнийг богино хугацаанд бэлдэх, салбарын хүний нөөцийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах зэрэг Монгол Улсад нэн шаардлагатай төслүүд дээр Япон улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү илэрхийллээ.
Үүний зэрэгцээ, Монгол Улс Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэн Хүннү хотыг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү хотыг дижитал, ухаалаг хот болгон хөгжүүлэхэд Япон улс туршлагаа хуваалцах, тус хотод байгуулагдах хиймэл оюуны үндэсний судалгааны төв, мэдээллийн технологийн стартап компаниудыг бойжуулах зэрэг төслүүдэд Японы хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид орж ажиллахыг урилаа.
Мөн Монгол орон нь өргөн уудам газар нутагтай, агаарын орон зай чөлөөтэй байгаа энэхүү боломжоо ашиглан “Дроны туршилтын бүс” байгуулахаар болсон. Энэхүү туршилтын бүсэд эрдэмтэн судлаачид ажиллах, хувийн хэвшлийнхэн дроны туршилтаа хийх боломжтой гэдгийг дуулгав.
Түүнчлэн Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-т техникийн тусламж үзүүлж, Монголын радиог тоон технологид шилжүүлж, орон даяар тасалдахгүй, чанартай хүргэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг урив.
Дээрх саналыг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Игавахара Масарү хүлээн авч, төслүүдийг Японы хувийн хэвшил, бизнесийхэнд танилцуулахад хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Үүний зэрэгцээ, KDDI компани Монгол Улсад “Дата төв”-өө байгуулж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл олон улс Монгол Улсыг сонирхох болно гэдгийг дуулгав.
Мөн ирэх тавдугаар сард болох Ази, Номхон далайн орнуудын Цахилгаан холбооны байгууллагын орнуудын сайд нарын уулзалт Япон улсад зохион байгуулагдана. Тус уулзалтаар Ази Номхон далайн орнууд ойрын таван жилийн стратеги төлөвлөгөөг зарлана. Энэхүү уулзалтад Ц.Баатархүү сайдыг биечлэн оролцож, Монгол Улсын хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийг олон улсад танилцуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэдгийг дуулгалаа.
Дижитал шилжилтийг эрчимжүүлэхэд Япон улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ | ||
Үзсэн: 172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.