
Ромын Католик сүм хийдийн тэргүүн, пап лам Францис өчигдөр 88 насандаа таалал төгссөн. Ватиканаас мэдээлж байгаагаар, өнөөдөр Ромын кардиналууд чуулж, дэлхийн улс орнуудын удирдагчид чамгүй олноор оролцох төлөвтэй байгаа Ромын папыг эцсийн замд нь үдэх ёслолын үйл ажиллагааг төлөвлөх асуудлаар зөвлөлдөх мэдээлэлтэй байна.
Дэлхийн 1,4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн Гэгээн Францис энэ он гарснаас хойш хоёр ч удаа уушгины хатгалгаа туссан учир эмчлүүлж байгаад эмнэлгээс гарч ирээд удаагүй байсан. Сар гаруйн өмнө Ватиканд албандаа эргэн орж, харьцангуй тэнхэрч байгаа байдалтай байсан Ромын папыг тэгвэл цус харваж, зүрх нь зогссоны улмаас насан эцэслэсэн болохыг Ватиканаас мэдэгджээ. Ромд түүний оршуулгын ёслолд гэргийн хамт очих бодолтой байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп илэрхийлсэн бол өөр бусад олон орны удирдагчид мөн ийм бодолтой байгаагаа мэдэгдээд байгаа юм байна. Тэр дунд Францис ламтны эх орон Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей мөн байна.
Ватиканаас мэдээлснээр, энэ 7 хоногийн баасан гарагаас Ням гарагийн хооронд болж магадгүй юм байна. Мөн Гэгээн Францис ламтан тогтсон заншлаас гажиж өөрийн оршуулгыг Гэгээн Петрийн сүмд биш, Ром дахь Гэгээн Мариагийн сүмд хийлгэхээр гэрээсэлжээ.
Өнөөдөр болох кардиналуудын чуулганаар мөн, дараагийн шинэ Пап ламыг сонгох хүртэл Ромын католик сүм хийдийн өдөр тутмын үйл ажиллагааг гардан удирдах хүнийг тохоон томилох ёстой байна. Дараагийн Пап ламыг сонгох чуулганы тухайд харин, Тэргүүн хамбыг таалал төгссөнөөс 15-20 хоногийн дараа эхэлдэг гэж үзвэл 5 сарын 5-наас хойш явагдаж таарах юм байна. Маш чанд хатуу дэг ёсны дагуу нууц байдалд олон өдөр дараалж явагддаг энэ чуулганд 135 кардинал оролцох эрхтэй байдаг байна. Пап лам Францисын хувьд дэг ёс чамгүй алдагдсан сүм хийдийг залгамжлан авч Ватиканы төв захиргаанд шинэчлэл явуулж, авлига хээл хахуулийг үндсээр нь устгаж, мөн санваартнууд дундах хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй шаргуу тэмцэл явуулсанд тооцогддог байна.
Мөн Гэгээн Францисыг хэт либерал, ижил хүйстнүүд зэрэг цөөнхийн бүлгүүдэд хэт найрсаг ханддаг гэдгээр буруутгаж, хуучны хатуу дэг ёсыг сахигч консерватив бүлгийнхэнтэй чамгүй зөрчилддөг байсныг хэвлэлүүд дурдсан байна. Дараагийн пап ламыг дэлхийн өнцөг булан бүр дэх католик сүм хийдийн тэргүүн хамбууд сонгох ёстой, тэдний бараг 80% нь Гэгээн Францисын өөрийн томилсон хүмүүс байдаг байна. Тиймээс түүний хэрэгжүүлж ирсэн дэвшилтэт бодлог үйл ажиллагааг залгамжлан үргэлжлүүлэх хүн дараагийн Пап ламд магадлал чамгүй өндөр боловч бас бүрэн баталгаатай биш гэдгийг ажиглагчид дурдсан байна.
Ромын кардиналууд чуулж Гэгээн Францисын оршуулга болон бусад асуудлыг хэлэлцэнэ | ||
Үзсэн: 161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.