Шууд Chart

Алтны үнэ ханш түүхэнд дахин шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсөв

2025-04-22 18:11:52

Өчигдөр буюу даваа гарагт АНУ-ын аж үйлдвэрийн гол индекс Доу Жонс 970 нэгж хувиар, өндөр технологийн салбарын Насдак индекс 2,5 гаруй хувиар унасан дүнтэйгээр Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаа өндөрлөсөн байна. Валютын зах зээл дээр ч мөн ам.долларыг зарж худалдах хандлага давамгайлж байсан нь, хөрөнгө оруулагчид ерөнхийдөө Д.Трампын засаг захиргааны баримталж байгаа татварын бодлого, мөн АНУ-ын Төв банк буюу ХНС-г цаашдаа хараат бусаар мөнгөний бодлого хэрэгжүүлэх эсэхэд эргэлзэх байдал үүссэнтэй шинжээчид холбон авч үзэж байна.

Биржүүд дээр өчигдрийн туршид хувьцаа болон бонд, мөнгөн тэмдэгт гээд Америкийн бүх төрлийн хөрөнгийг зарж борлуулах үзэгдэл нийтлэг байсныг Ройтерс мэдээлсэн байна. Дагаад бас, аливаа тогтворгүй байдлын үед гол баталгаат хөрөнгө гэгдэх алтны үнэ ханш өчигдөр Нью-Йоркийн бараа түүхий эдийн биржийн салбар Комекс бирж дээр ирэх 6-р сард нийлүүлэгдэх захиалга худалдааны үнэ ханш 2 гаруй хувиар өссөнөөр нэг унц нь 3435 ам.долларын түүхэн дээд үзүүлэлтээс давсан байна. Ирэх 5 сард нийлүүлэгдэх мөнгөний захиалга худалдааны үнэ ханш 1,22 хувиар өсөж, унц нь 32,868 ам.доллар болсон байна. АНУ-ын худалдааны бодлогоос үүдэж дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаа дээр, дэлхийн геополитикийн бүрхэг байдлаас шалтгаалж алтны ханш ийнхүү улам өссөөр байна.

Оны эхнээс хойш энэ үнэт металлын ханш хэдийнэ 26 гаруй хувиар чангарсан. Энэ байдалд, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр бас дахин нийгмийн сүлжээгээр дамжуулж Америкийн Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэллийг бодлогын хүүг бууруулахад уриалсан нь нөлөөлсөн байна. Төв банкны хараат бус байдлыг эргэлзээтэй болгож, давхар бас мөнгөний бодлого тогтворгүйтэх нөхцөл үүсгэж хөрөнгө оруулагчдыг түгшүүрт автуулсан байдал даамжирч байгаа нь бас нэг гол нөлөөлөх хүчин зүйл болж байгааг шинжээчид хэлж байна. Мөн зарим эдийн засагчид одоогийн түүхэн дээд үнэ ханшаар алт худалдаж авах нь зохисгүй гэдэг сэрэмжлүүлгийг хэлж байна. Тухайлбал, Оросын "БКС Мир инвестиций" компанийн хөрөнгийн зах зээлийн шинжээч Виталий Манжос одоогоор богино болоод дунд хугацааны хөрөнгө оруулалтын зорилгоор алт худалдаж авах нь тийм ч оновчтой сонголт биш гэдэг байр суурийг илэрхийлсэн. Эрсдэл болоод боломжит ашиг орлогын харьцаагаар нь авч үзэхэд, бусад өөр зарим төрлийн хөрөнгө оруулалттай харьцуулахад тааруу үзүүлэлттэй байгааг хэлж байгаа юм байна. Шанхайн Galaxy Futures компанийн шинжээч Лучен Ван тэгвэл, ойрын үед алтны үнэ буурахаасаа илүүтэй улам чангарна гэдэг тайлбарыг Блүүмберг агентлагт өгсөн байна. Голдман Сакс-ын шинжээчид тэгвэл, алтны ханш ирэх 2026 оны дунд үе гэхэд бүр 4000 ам.доллароос давж өсөхийг үгүйсгэхгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алтны үнэ ханш түүхэнд дахин шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсөв   
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй