Шууд Chart

“ABU Робокон 2025” үндэсний аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд болж байна

2025-04-24 16:34:27

Аливаа улс орны хөгжлийг түүчээлэгчид нь инженер, зохион бүтээгчид байдаг.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, салбар салбарт ажиллах үндэсний шилдэг инженерүүдийг чадваржуулах зорилгоор 2003 оноос хойш “Робокон” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн билээ.

МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран зохион байгуулж буй “ABU Робокон 2025” үндэсний аварга шалгаруулах 22 дахь удаагийн роботын тэмцээн өнөөдөр "Хамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт" уриан дор Спортын төв ордонд болж байна.

Энэ жилийн хувьд дэлхийн сая, сая хүүхэд залуусын сонирхдог сагсан бөмбөгийн спортын төрлөөр тус тэмцээнийг зохион байгуулж байгаагаараа онцлог юм. 

Тэмцээний шагналын сан нийт 50 сая төгрөг байна.

Үндэсний роботын тэмцээнийг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэллээ.

Тэрбээр "Монгол Улсын цахим шилжилтийн хөтөлбөрт шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн боловсрол онцгой байр суурь эзэлдэг. "Робокон" бол энэ чиглэлийн тэргүүлэх бодлогыг бодитоор хэрэгжүүлж, залуусын мэдлэг, ур чадвар, инновацын чадварыг сорьж, хөгжүүлэх талбар юм. 2019 онд манай улс "Робокон" олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан нь зөвхөн боловсролын салбарын бус техник, технологийн дэд бүтэц, харилцаа холбооны салбарын хөгжил, чадамжийг харуулсан онцлох үйл явдал байсан. Энэ удаад бид "Робокон" олон улсын тэмцээнийг хоёр дахь удаагаа эх орондоо хүлээн авч, цахим дэд бүтцийн шинэчлэл, залуусын инновацын хөгжил ямар түвшинд хүрснийг дахин дэлхийд харуулах гэж байна. Өнөөдрийн үндэсний тэмцээнээс шалгарсан хоёр баг нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөх нь нэр төрийн хэрэг юм. Монгол залуус дэлхийн инженерүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөх боломжийг бид бүхэн бодлогоор бүрдүүлж ажиллах болно" гэлээ. 

Үүний дараа МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл Үндэсний Роботын "ABU ROBOCON 2025" тэмцээнийг албан ёсоор нээж үг хэлсэн юм.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл "Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз нь инженер, техникийн сэтгэлгээг дэмжих, залуу үеийг бүтээлч, шинийг эрэлхийлэгч болгоход хувь нэмрээ оруулсаар ирсэн. "Робокон" тэмцээн бол зөвхөн робот бүтээх тэмцээн биш. Харин хамтран ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээ, нягт нямбай төлөвлөлтийн бодит шалгуур юм. Энэ удаа үндэсний тэмцээнд нийт 9 их, дээд сургуулийн 12 баг оролцож байгаа нь Монголын залуу үе инженер, технологийн хөгжилд хэчнээн их ач холбогдол өгч буйг илтгэж байна. Та бүхний барьж байгаа робот бол зүгээр нэг техник биш. Энэ бол та бүхний уран сэтгэмж, шаргуу хөдөлмөр, хэзээ ч бууж өгдөггүй итгэлийн бодит илэрхийлэл юм. Таны өнөөдрийн оролдлого маргаашийн шинэ санаа, шинэ шийдэл, шинэ нээлт болох болно" гээд "Роботын талбарт гарахдаа зүрх сэтгэлээ асаа. Ялалт гэдэг нь үргэлж медаль биш харин өөрийгөө давсан, илүү болсон, багаар сэтгэж, бүтээж чадсан туршлага, тэсвэр, бахархал байдаг. МҮОНРТ-ийн хамт олон тэмцээнийг амжилттай зохион байгуулахын төлөө бүх боломжоороо дэмжиж, үндэсний багаа олон улсын тавцанд хүчтэй гарахад чиглэсэн ажилдаа тууштай байна" гэдгийг онцоллоо. 

 

Үндэсний роботын тэмцээний хамтран зохион байгуулагчаар Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ивээн тэтгэгчээр Үүрэн холбооны тэргүүлэгч оператор "Мобиком" групп ажиллаж байна.

Энэ удаагийн Үндэсний роботын тэмцээний Шүүгчдийн зөвлөлийн тэргүүнээр Ө.Батбаяр ажиллаж байна.

Харин Ерөнхий шүүгчээр А.Билгүүн, Онооны шүүгчээр Ж.Баярхүү, Д.Цэцэгсайхан, А.Хулан, Талбайн шүүгчээр Д.Батбилэг, А.Батзориг, Ж.Батсайхан, О.Дарханбаатар, Хэмжилтийн шүүгчээр Н.Ганболд, М.Анхбаяр нар ажиллаж байна.

“ABU Робокон 2025” үндэсний аварга шалгаруулах тэмцээний ялагч өнөөдөр тодрох юм.

Ташрамд дуулгахад, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-той хамтран “ABU Robocon” олон улсын роботын тэмцээнийг 2019 оны наймдугаар сард Монголд анх удаа зохион байгуулж, 16 орны 17 баг өрсөлдсөн байдаг.

Нийтэлсэн: О.Ундармаа

“ABU Робокон 2025” үндэсний аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд болж байна  
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй