Шууд Chart

“ABU Робокон 2025” үндэсний ялагчаар ШУТИС-ийн “Түвшин Электроникс” баг тодорлоо

2025-04-25 11:34:09

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, салбар салбарт ажиллах үндэсний шилдэг инженерүүдийг чадваржуулах зорилгоор 2003 оноос хойш “Робокон” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн билээ.

МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран зохион байгуулж буй “ABU Робокон 2025” үндэсний аварга шалгаруулах 22 дахь удаагийн роботын тэмцээн өнөөдөр "Хамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт" уриан дор Спортын төв ордонд боллоо.

Энэ жилийн хувьд дэлхийн сая, сая хүүхэд залуусын сонирхдог сагсан бөмбөгийн спортын төрлөөр тус тэмцээнийг зохион байгуулж байгаагаараа онцлогтой боллоо. 

ABU Robocon 2025 олон улсын роботын тэмцээнд “Түвшин Электроникс”, “HICH TECH” баг Монгол Улсаа төлөөлөн оролцохоор боллоо

Боловсрол шинжлэх ухааны яам болон бизнесийн байгууллагууд коллеж, их, дээд сургуулийн багш, оюутан залуусын туслалцаа дэмжлэгээр 22 жил тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн тус тэмцээнд есөн их, дээд сургууль, коллежийн арван хоёр баг өрсөлдөж, гуравдугаар байрт ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Эрчим” баг орж, 5 сая төгрөгийн шагнал, “Робокон-2025” үндэсний аварга шалгаруулах тэмцээний дэд байрт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “HICH TECH” баг шалгарсан бөгөөд шагналын 15 сая төгрөг, “Робокон” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээний ялагчаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Түвшин Электроникс” баг тодорч, шагналыг Боловсролын сайд П.Наранбаяр, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээний зөвлөх Ч.Лодойравсал, "Мобиком" группийн төлөөлөл н.Зүмбэрэлмаа нар шагналыг гардууллаа.

Ийнхүү ирэх наймдугаар сард болох МҮОНРТ, Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран зохион байгуулах гэж буй ABU Robocon 2025 олон улсын роботын тэмцээнд “Түвшин Электроникс”, “HICH TECH” баг Монгол Улсаа төлөөлөн оролцохоор боллоо.

Мөн “ABU Робокон 2025” үндэсний аварга шалгаруулах тэмцээний үзэгчдээс шилдэг хөгжөөн дэмжчигчдийг шалгаруулж, Шинэ монгол дээд сургуулийн хөгжөөн дэмжигчид шилдэг хөгжөөн дэмжигчээр шалгарч, батламж, нэг сая төгрөгийн эзэн болсон юм.

Ташрамд дуулгахад, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-той хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч  У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU Robocon” олон улсын роботын тэмцээнийг 2025 оны наймдугаар сард Монголд 2 дахь удаагаа зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

“ABU Робокон 2025” үндэсний ялагчаар ШУТИС-ийн “Түвшин Электроникс” баг тодорлоо  
Үзсэн: 618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй