
Өмнөд Солонгосын прокурорууд өчигдөр, Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг авлигын хэргээр шалгаж байгаагаа мэдэгдлээ. Түүнийг давуу эрхээ ашиглаж тухайн үед хүргэн нь байсан хүнийг Тайланд дахь агаарын тээврийн компанид ажилд ороход дэмжлэг үзүүлсэн, улмаар тухайн компаниас хүргэнд нь цалин, бусад төлбөр нэрээр олгосон мөнгө нь хэрэг дээрээ, авлига байсан гэж мөрдөгчид үзэж байгаа юм байна.
2017-2022 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, өдгөө 72 настай Мүн Жэ Инээс гадна, парламентын гишүүн асан, Тайландад төвтэй Thai Eastar Jet агаарын тээврийн компанийг үүсгэн байгуулагч Ли Сан Жик-ийг энэ хэрэгт холбогдуулж, авлига болон эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгаж байгаагаа Чонжу дүүргийн прокурорын газар мэдэгдэлдээ дурджээ. Энэ хүрээнд Ерөнхийлөгч асныг тухайн үед хүргэн нь байсан Сео гэх хүнийг ажилд оруулах нэрийдлээр 217 сая вон буюу 152 мянган ам.долларын авлига авсан гэж үзэж байгаа юм байна.
Цэргийн онц байдал үндэслэлгүйгээр зарласан хэргээр энэ сарын эхээр Юн Сок Ёль ерөнхийлөгчийн албанаас албан ёсоор буусантай холбоотойгоор ирэх 6 сарын 3-нд Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус сонгууль болох гэж байгаа үед ийм асуудал дэгдсэнийг ажиглагчид тэмдэглэж байна. Мүн Жэ Иний хувьд одоогийн сөрөг хүчний Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж сонгогдон ажиллаж байсан улстөрч. Өнөөдрийн мэдээлэлд холбогдуулж одоогоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм байна. Тэрбээр ийнхүү албаа хашиж байхдаа болоод албанаасаа буугаад удалгүй шүүхээр орох юм уу дуулиант хэрэг заргад нэр холбогдсон Өмнөд Солонгосын удирдагчдын тоог дахин нэмж байгааг хэвлэлүүд дурдаж байна.
Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Пеньянтай ойртон нягтрах харилцаа өрнүүлж, Умардын удирдагч Ким Жон Унтай 3 удаа уулзалт хийж, мөн Ким Жон Ун, Трамп нарын дээд хэмжээний уулзалтад тус дөхөм үзүүлсэн гэдгээрээ илүүтэй танигдсан Мүн Жэ Ин хэрэв энэ хэрэгт буруутай нь тогтоогдвол хоригдох, магадгүй цаазын ял авч болзошгүй гэдгийг зарим хэвлэл дурдсан байна. Ардчилсан намын төлөөлөгч энэ хэрэг явдлыг намынх нь болоод ерөнхийлөгч асан Мүний нэр хүндийг харлуулах зорилготой улстөрийн алхам гэж буруутгасан мэдэгдэл хийсэн байна. Ройтерсийн мэдээлснээр, сүүлийн үеийн олон нийтийн санал асуулгуудаар, одоогийн сонгуулийн кампанит ажлын явцад Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён тэргүүлэгчийн байр сууринд яваа юм байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг авлигын хэрэгт буруутгав | ||
Үзсэн: 474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.