Шууд Chart

Д.Трамп татварыг бууруулах шийдвэр нь БНХАУ-аас шалтгаална гэв

2025-04-25 16:42:51

АНУ-ын Ерөнхийлөгч Хятадад ногдуулсан асар өндөр татвараа бууруулах бодолтой байгаа, гэхдээ энэ талын аливаа шийдвэрийн хугацаа Бээжингээс шалтгаална гэдэг байр суурь илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Д.Трампыг инфляц бууруулж, эдийн засгийг сэргээнэ гэдэг итгэлтэйгээр сонгосон Америкийн иргэдийн дийлэнх хувь нь одоогийн бодлогыг нь таашаахгүй, эдийн засаг уналтад орох нь гэдэг гутранги бодол  давамгайлах болсныг сүүлд явуулсан санал асуулгууд харуулжээ.

Трамп мягмар гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үедээ, АНУ-ын худалдааны түнш орнуудад, тэр дундаа Хятадад ногдуулах татварын асуудлаарх шийдвэрээ өөр бусад улстай хийгдэж байгаа тарифын хэлэлцээний үр дүнгээс хамааруулан ойрын 7 хоногуудад зарлана гэж ярьсан байна. Ийнхүү АНУ-ын ерөнхийлөгч Хятадтай худалдааны хэлцэл байгуулах төлөвийг ахиулж байгаа үед шинжээчид харин, Бээжин түрүүлж алхам хийх шинж тэмдэг харагдахгүй, харин ч хэлэлцээний ширээнд суухад урьтал болзол шаардлагууд тавьж мэдэхээр байгааг тэмдэглэж байна.

Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг хооронд худалдааны нэлээд асуудал үүсгээд байгаа зөрчил сөргөлдөөнөө Вашингтон, Бээжин шийдэж чадна гэж найдлагатайгаар Америкийн хөрөнгийн бирж сүүлийн хоёр өдөр өссөн цаг үетэй Трамп ийм мэдэгдэл хийсэн байна. Америк-Хятадын худалдааны дайны улмаас дэлхийн эдийн засаг ч мөн уналтад орж ОУВС гэхэд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг 3,3 хувьд тооцож байснаа 2,8 хувь руу бууруулсан дүн танилцуулаад байгаа. Дээрээс нь АНУ-ын 12 муж улс Конгрессоор батлуулалгүйгээр гадаад улс орнуудад тариф тогтоох эрхтэй эсэх талаар өчигдөр шүүхэд хамтран зарга мэдүүлсэн байна.

Нью-Йоркт байдаг Олон улсын худалдааны шүүхэд гаргасан энэ гомдолд Трампыг Үндсэн хуулийн дэг ёсыг алдагдуулж, Америкийн эдийн засагт эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж буруутгасан юм байна. Үүнээс гадна Ерөнхийлөгч албандаа ороод 100 хоног болох дөхөж байгаа ч дээрх хоёр амлалтын биелэлт тун хангалтгүй байна гэж иргэд үзэж байгаа дүн гарчээ.

“Ройтерс” болон судалгааны Ipsos хүрээлэн хамтарч явуулсан санал асуулгын дүнгээр, судалгаанд хамрагдсан хүмүүсийн 37 хувь нь л Трампын эдийн засгийн шийдвэрүүдийг дэмжжээ. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөс нь хэдхэн цагийн дараа энэ үзүүлэлт 42 хувьтай байсан. Мөн Америкийн эдийн засаг уналтад орох нь тодорхой боллоо гэдэг бодолтой америкчуудын тоо 76 хувьд хүрсэн байна. Асуулгад оролцогчдын 52 хувь нь “Трампын үйл ажиллагаанаас болж тэтгэвэрт гарсны дараах ая тухтай амьдрах боломж нь алдагдана” гэдэг байр суурийг дэмжсэн бол, ердөө 31 хувь нь үүний эсрэг бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Д.Трамп татварыг бууруулах шийдвэр нь БНХАУ-аас шалтгаална гэв   
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй