
Туркийн Истанбулд дөрөвдүгээр сарын 23-нд цуварсан олон газар хөдлөлт, чичирхийлэл болжээ. Хамгийн хүчтэй нь 6,2 магнитуд газар хөдөлжээ. Голомт нь Истанбулаас 60-аад км-ийн зайтай, Гантиг тэнгисийн доор 7 км орчим газрын гүнд байрласан энэ газар хөдлөлт яг энэ бүс нутагт сүүлийн 25 жилд болоогүй хамгийн хүчтэй нь болсныг Туркийн ДХЯ мөн мэдээлсэн байна.
Өдрийн туршид үргэлжилсэн олон цувраа газар хөдлөлтийн улмаас 151 хүн гэмтэл бэртсэн, тэдний ихэнх нь сандарч тэвдэхдээ өндрөөс үсрэх зэргээр гэмтэл авсан хүмүүс байгааг Туркийн Дотоод хэргийн сайд Али Ерликай мэдээлсэн байна.
Сүүлийн байдлаар, хотод хүн эрсдээгүй, орон сууц болон бусад барилга байшинд эвдрэл сүйдэл учраагүй, Фатих дүүрэгт эзгүй хуучин барилга нурсан гэдэг мэдээлэл өгчээ. Эхний хамгийн хүчтэй 6,2 магнитудын газар хөдлөлтөөс хойш хэдэн цагийн туршид нийтдээ 127 удаагийн афтешок үргэлжлэн явагдсан, тэдгээрээс хамгийн хүчтэй нь 5,9 магнитудынх байсан гэдгийг энэ яамнаас мэдээлсэн байна.
Туркийн газар хөдлөлтийн мэргэжилтэн, шинжээч Начи Гёрюрийн мэдээлснээр бол, газар хөдлөлт Кумбаргаз нэртэй хагарал дээр явагджээ. Энэ шинжээчийн хувьд, 50 мянга гаруй хүний аминд хүрсэн 2023 оны 2 сарын Турк, Сирийн газар хөдлөлтийг урьдчилж хэлсэн хүн болохыг BBC мэдээлэлдээ дурдсан байна. 2023 оны 2 сард Туркийн өмнөд болон зүүн өмнөд талын 11 мужийн нутгийг дамнаж 7,8, 7,5 магнитудын дараалсан хоёр хүчтэй газар хөдлөлт болсноос 53 мянга гаруй хүний амь эрсэдсэн юм.
Үүний зэрэгцээ дахиад хүчтэй газар хөдлөхийг үгүйсгэх аргагүй, томоохон хоёр тектоник хавтангийн залгаас дээр байрладаг Истанбул хотын дэргэдэх Гантиг тэнгист идэвхжил нэмэгдэхэд энэ удаагийн газар хөдлөлт илүү түлхэц үзүүлж байх магадлалтай гэдэг байр суурийг Туркийн өөр нэг геологч Окан Тюйсюз NTV тв-д ярьжээ. Германы Подстдам хотод байдаг геофизикийн судалгааны төвийнхөн ойрын үед энэ бүсэд илүү хүчтэй газар хөдөлж болохыг үгүйсгээгүй байна.
16 сая хүн амтай Истанбул хотын хувьд маш нягт шигүү барилгажсан, хотын доторх задгай талбайд богино цаг хугацаанд амжиж хүрэх аргагүй байдаг гэдгээрээ газар хөдлөлтөд бэлтгэл муутай газарт тооцогддог. Өчигдөр л гэхэд, газар хөдлөлтийн аюулын сэрэмжлүүлгийн системтэй хэдий ч иргэд хүмүүст ийм мессеж мэдээ очоогүй гэдгийг Германы ДПА мэдээлсэн байна.
Туркийн Истанбулд 6.2 магнитуд газар хөдөлж, 150 гаруй хүн хэлмэгджээ | ||
Үзсэн: 511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.