Шууд Chart

Гадаадын үйлдвэрлэгчид БНСУ-ын нэрийг барьж АНУ-д экспорт хийж байгааг зогсооно гэв

2025-04-26 10:37:02

АНУ-ын тогтоосон импортын татвараас зайлсхийхийн тулд гадаад улс орнууд Солонгосын нэрийг барьж хууль бус экспорт хийх нь нэмэгдсэн байна. Улмаар Өмнөд Солонгосын алба гаалийн ийм хууль бус экспортыг илрүүлж таслан зогсоох үйл ажиллагаагаа эрчимжүүлэх төлөвлөгөө зарласан байна. Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан АНУ-ын 145 хувийн татвараас зайлсхийх үүднээс ийм арга заль ашиглах байдал улам нэмэгдсэнийг албаныхан дурдсан байна.

Энэ оны эхний улиралд л гэхэд, үйлдвэрлэгч орны нэрийг зөрүүлсэн, 29,5 тэрбум вон буюу бараг 21 сая орчим ам.долларын өртөгтэй зөрчил илрүүлж, ийм нийлүүлэлтийн 97 хувь нь АНУ руу гарсан байгааг өнгөрсөн сард явуулсан тусгай шалгалтаар тогтоосон гэдгээ мэдээлжээ. Өнгөрөгч 2024 оны туршид тэгвэл, нийт 34,8 тэрбум воны дүнтэй ийм зөрчил илэрсний 62 хувь нь АНУ руу хийгдсэн экспорт байсан юм байна. Ийм хуурамч гарал үүслийн гэрчилгээтэй, буюу Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн гэсэн шошготой боловч өөр улсын гаралтай бараа бүтээгдэхүүний дийлэнх хувь нь Хятадаас гаралтай байгааг Солонгосын гаальчид хэвлэлд мэдээлсэн байна. Энэ төрлийн экспортын зөрчил Трамп Ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацаанд чамгүй хувиар өсөж байсан, энэ удаад ч мөн дахин давтагдаж, улам өсөх хандлагатай байгааг Өмнөд Солонгосын Гаалийн албаны хяналт шалгалт эрхэлсэн захирал Ли Кван-У хэвлэлд ярьжээ. Тэр дундаа Хятадаас Америк руу нийлүүлдэг импортын тариф өссөн 2-р сараас энэ үзүүлэлт огцом өссөн дүн харагджээ.

Гэвч Трампын тариф үйлчилж эхлэхээс өмнө буюу 1 сард мөн, зай хураагуурын үйлдвэрлэлд ашигладаг катодын материалыг 3 тэрбум вонтой дүйцэх дүнгээр Өмнөд Солонгосын гэх нэрийн дор Хятадаас Америк руу гаргасныг тогтоосон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Өмнөд Солонгосын бараанд ногдуулах татварыг энэ сараас 25 хувь нэмэхээр тогтоосон боловч энэ шийдвэрээ 90 хоног түдгэлзүүлээд байгаа. Харин БНХАУ-ын бараанд 145 хувийн татвар ногдуулсан нь мөрдөгдөж байгаа, үүний улмаас дэлхийн хоёр том эдийн засаг хооронд худалдаа ихээхэн доголдох байдал үүсэж байгааг эдийн засагчид хэлдэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гадаадын үйлдвэрлэгчид БНСУ-ын нэрийг барьж АНУ-д экспорт хийж байгааг зогсооно гэв  
Үзсэн: 380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй