Шууд Chart

Илон Маск АНУ-ын Засгийн газарт ажиллах цагаа багасгана

2025-04-26 11:28:15

Энэ оны эхнээс цахилгаан автомашины Тесла компанийнх нь ашиг орлого, мөн борлуулалт эрс буурсантай холбоотойгоор Илон Маск АНУ-ын Засгийн газар дахь ажил үүргээ мэдэгдэхүйц багасгана гэж мэдэгдсэн байна. Дэлхийн хамгийн баян хүн Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны дэргэд төсвийн зарцуулалт, төрийн албан хаагчдын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх зорилготой агентлагийг санаачилж гардан удирдаж байгаа. Үндсэн ажил, бизнестээ анхаарахаа больсон гэдэг шүүмжлэлд чамгүй өртөх болсон тэрээр ирэх сараас Засгийн газрын ажиллах цагаа долоо хоногт 1-2-оос илүүгүй болгож танахаа мэдэгдсэн байна.

Илон Маск шиг Засгийн газрын түр ажилтнууд жилд 130 ажлын өдөр ажиллах журамтай байдаг. Ерөнхийлөгч Трамп тангараг өргөсөн өдрөөс эхэлсэн гэвэл, энэ хугацаа ирэх сард дуусахаар байгаа юм байна. Гэхдээ Д.Трампыг Ерөнхийлөгчид эргэн сонгогдоход 250 гаруй тэрбум доллар хандивласан Илон Маск бүрэн огцрох эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж BBC-д бичжээ. Өнгөрсөн сард Д.Трамп Илон Маскийг аль болох удаан ажиллуулах хүсэлтэй байгаа гэдгээ хэлж байсныг хэвлэлүүд дурдаж байна. Үүний зэрэгцээ цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн борлуулалт энэ оны эхний улиралд жилийн өмнөхтэй харьцуулахад 20 хувиар, ашиг нь 71 хувиар огцом унасан. Улмаар дэлхий даяарх Теслагийн салбарууд И.Маскийг улстөрд оролцох болсныг шүүмжилж эсэргүүцэл дэгдээх болоод байгаа юм. Тесла улстөрийн санаа сэтгэгдлийн өөрчлөлтөөс шалтгаалж бүтээгдэхүүнийх нь эрэлт нэлээд саарч болзошгүй гэдэг тайлбар хэлж, өсөлтийн төлөвөө танилцуулаагүй байна. Илон Маск тэгвэл хүмүүсийг, Теслагийн цахилгаан машинаас татгалзаж байгааг буруутгаж, энэ хүмүүсийг өөрт нь болоод ЗГ-ийн үр ашигтай ажиллагааны агентлагт халдахаар санаархаж байна гэсэн.

Өнгөрөгч мягмар гарагт биржийн арилжааны дүнгээр гэхэд, эдний компанийн хувьцаа энэ оны туршид хөрөнгийнхөө 37 хувийг алджээ. Дээрээс нь Д.Трампын хятадын бараанд ногдуулсан гаалийн татвар Тесла-д хүчтэй дарамт учруулсан. Тесла АНУ-ын зах зээлд борлуулдаг автомашинуудаа дотооддоо үйлдвэрлэдэг боловч маш олон эд ангийг нь Хятадад үйлдвэрлэдэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Илон Маск АНУ-ын Засгийн газарт ажиллах цагаа багасгана  
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй