
Унгар Улсын нийслэл Будапешт хотноо 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр нээлтээ хийсэн “МИТЕМ” олон улсын театрын фестивальд Улсын Драмын эрдмийн театр Хүннү гүрний түүхийг өгүүлэх “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээрээ оролцож байна.
“МИТЕМ” олон улсын театрын фестиваль нь дэлхийн алдартай театруудын сор болсон бүтээлийг толилуулдаг бөгөөд энэ удаагийн фестивалийг “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр нээлээ. Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд тус улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг жүжгийн баг, уран бүтээлчидтэй уулзсан юм.
Тэрээр “Тэнгэрийн хүү” түүхэн бүтээлээр дамжуулан Монголын ард түмний ондоошил, эх оронч үзэл, оюуны өв, үндэсний бахархал, түүх соёлыг гадаад улс орон, Унгар анд нөхдөдөө сурталчлан таниулж, олон улсад нэр хүндтэй театрын наадмын тайзнаа толилуулж байгаа нь бидний бахархал бөгөөд Монгол, Унгарын соёлын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдгийг онцолж, амжилт хүслээ.
Түүнчлэн, “Тэнгэрийн хүү” жүжгийг Унгар болон Европын бусад орны үзэгчдийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Унгарын Үндэсний театрт талархал илэрхийлэв.
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн туульс жүжгийг анх 2011 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа толилуулсан бөгөөд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын шинэчилсэн найруулгаар 2024 онд дахин үзэгчдийн хүртээл болсон байна.
“МИТЕМ” олон улсын театрын фестивальд “Тэнгэрийн хүү” жүжгээр оролцож байна | ||
Үзсэн: 223 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.