
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Азийн үнэт цаасны форум (ASF)-ын түүхт 30 дахь Ерөнхий чуулганыг 2025 оны есдүгээр сарын 10-13-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авлаа.
Азийн үнэт цаасны форумын Ерөнхий чуулган нь Австрали, БНХАУ, Хонконг, Япон, БНСУ, Сингапур тэргүүтэй Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын холбоод, зохицуулагч байгууллагууд болон зах зээлийн тэргүүлэгчдийн төлөөллийг нэг дор цуглуулдаг чухал уулзалт юм.
Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах тус чуулган нь Монголын хөрөнгийн зах зээл, онцлох төсөл, оролцогч талуудыг олон улсын тавцанд илүү өргөн хүрээнд таниулах түүхэн ач холбогдолтой.
Азийн үнэт цаасны форум (ASF) нь Ази-Номхон далайн бүс нутгийн 20 гаруй улс, бүс нутгийн үнэт цаасны салбарыг төлөөлдөг 30 орчим гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, хамтын ажиллагааг дэмжин, мэдлэг мэдээлэл солилцдог, бие даасан платформ юм.
ASF нь гишүүн байгууллагуудын хооронд үнэт цаасны зах зээлийн хөгжлийн чиг хандлага, зохицуулалт болон нийтлэг сонирхлын асуудлаарх яриа хэлэлцээг өрнүүлж, жил бүр ээлжит Ерөнхий чуулганы хурлыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил Азийн үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн лидерүүд Улаанбаатар хотноо чуулснаар Монголын хөрөнгийн зах зээл олон улсын анхаарлын төвд орох давуу талтай гэж Монголын Хөрөнгийн Биржээс мэдээллээ.
Монгол Улс Азийн үнэт цаасны форумын 30 дахь Ерөнхий чуулганыг зохион байгуулах орноор сонгогдлоо | ||
Үзсэн: 270 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.