
Монгол Улсын Засгийн газраас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.
Одоогоор "Dongkoo Bio & Pharm" үйлдвэрээс 5, "CKD" үйлдвэрээс 4, "Hanmi pharm" үйлдвэрээс 5, "Hanlim pharm" үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн.
"Yuhan corporation", "Hanmi pharm", "Korea United Pharm" зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжинд "Korea United Pharm" үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээлэл ЭМЯ-д боллоо.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Намхайноров “БНСУ-ын үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой” гэв.
Харин ЭМДЕГ-ын дарга С.Энхболд “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.
Жил бүр Даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулж байна | ||
Үзсэн: 230 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.