
Монгол Улсын Шадар сайдын 2025 оны нэгдүгээр сарын 25-ний өдрийн 13 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа.
Зах, худалдааны төвүүдэд явуулж буй хяналт, шалгалтын дүнгийн талаар Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Иргэдэд үйлчилж буй алт, мөнгөн эдлэлийн дэлгүүрүүдийн жин хэмжүүр нь 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдөр хүртэл хүчинтэй баталгаажуулалттай байна. Мөн сорьцын тэмдэг болон бусад шалгалтын явцад ноцтой алдаа, зөрчил илрээгүй” гэлээ.
Хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд мах, махан бүтээгдэхүүний худалдаа, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын улсын байцаагчид оролцон, бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж байна.
Мөн зах, худалдааны төвүүдэд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сорилтын лабораториуд бүгд итгэмжлэлгүй байгаа нь тогтоогдсон. Энэ нь холбогдох хууль, тогтоомжийн шаардлагыг зөрчиж буй тул дээрх лабораториудыг яаралтай Итгэмжлэлийн байгууллагад хүсэлтээ хүргүүлж, итгэмжлэлийн гэрчилгээ авах үйл явцыг эхлүүлэх шаардлагатайг анхаарууллаа.
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн явуулын пестицидийн аппаратыг ашиглан түргэвчилсэн аргаар 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээ хийхэд, импортоор оруулж ирсэн лууванд пестицидийн үлдэгдэл илэрлээ.
Иймд хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж буй пестицидийн үлдэгдлийн хяналтыг сайжруулах, энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд анхааруулж байна.
Түүнчлэн худалдааны төвүүдэд ашиглагдаж буй 50 гаруй жинг хэмжил зүйн шаардлагын дагуу шалгасан байна.
Хяналт шалгалтын үр дүнд жингүүд бүгд лац, баталгаажуулалтын тэмдэгтэй, хүчин төгөлдөр баталгаажилттай байсан бөгөөд улсын эталон жингээр хэмжилт хийж баталгаажуулахад ч ноцтой алдаа, зөрчил илрээгүй гэж Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.
Орхон аймгийн зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийлээ | ||
Үзсэн: 315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.