Шууд Chart

МЕГА төслүүдэд тусгасан сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийн төслүүдийг энэ онд багтаан эхлүүлнэ

2025-04-28 13:32:50

Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг Эрчим хүчний реформын хүрээнд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төсөлд тусгасан “Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх” ажлын хүрээнд Эрчим хүчний реформын үндэсний хороо, Эрчим хүчний яам, Эрчим хүчний үндэсний төв, Диспетчерийн үндэсний төв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн ажлын хэсэг Баруун, Зүүн, Төвийн бүсүүдэд томилолтоор ажиллав.
 
Монгол Улсын Засгийн газрын 14 мега төслийн нэг “Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх” дээрх арга хэмжээний хүрээнд нийт 300 МВт хүртэлх салхины, 200 МВт хүртэлх нарны цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
 
Энэ хүрээнд 2025-2026 онуудад хэрэгжүүлэх нар, салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх байршил, хүчин чадлыг сонгох ажлын хүрээнд Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг тухайн төслүүдийг хэрэгжүүлэх газрыг орон нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлүүллээ.
 
Үүнд, Увс аймгийн Өмнөговь суманд 15 МВт/60 МВт.ц-ын батарей хуримтлуурын системтэй нийт 20 МВт-ын нарны цахилгаан станц, Баян-Өлгий аймгийн Өлгийд 15 МВт/60 МВт.ц-ын батарей хуримтлуурын системтэй нийт 20 МВт-ын нарны цахилгаан станц, Хэнтий аймгийн Өндөрхаанд 15 МВт/30 МВт.ц-ын батарей хуримтлуурын системтэй нийт 15 МВт-ын нарны цахилгаан станц Сүхбаатар аймгийн Баруун-Уртад 10 МВт-ын нарны цахилгаан станц, Дорнод аймгийн Тамсагт 12 МВт/48 МВт.ц-ын батарей хуримтлуурын системтэй нийт 20 МВт-ын нарны цахилгаан станц, Баянхонгор аймагт 10 МВт/20 М,Вт.ц-ын батарей хуримтлуурын системтэй нийт 10 МВт-ын нарны цахилгаан станцыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар хэрэгжүүлж, ашиглалтад оруулах юм.
 
Засгийн газар, Үндэсний хорооны зүгээс шинээр хэрэгжих дээрх төслүүд нь одоо мөрдөж буй хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний дундаж тарифыг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталж байгаа бөгөөд, ингэхдээ эх үүсвэрийн төслүүдийг нээлттэй, өрсөлдөөнт хэлбэрээр сонгон шалгаруулж, хөрөнгө оруулалтыг олон улсын болон төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж Эрчим хүчний реформын үндэсний хорооноос мэдээллээ. 
 
 

МЕГА төслүүдэд тусгасан сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийн төслүүдийг энэ онд багтаан эхлүүлнэ  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй