Шууд Chart

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

2025-04-28 17:37:49

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. 

Айлчлалын хүрээнд хүндэт зочид өнөөдөр /2025.04.28/ “Чингис хаан” үндэсний музейд зочилж, “Монголын эртний төрт улс”, “Их Монгол Улс” танхимаар орж, Их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор бүтээгдсэн "Их хааны өргөө" дэх Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхов.

Хүндэт зочдыг “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун угтан авч, “Монголын эртний төрт улс” танхим дахь үзмэрүүдийг танилцуулсан. Тэрбээр, манай хоёр улс 2000 жилийн тэртээгээс гүнзгий харилцаатай байсныг дурдаад, сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол, Солонгосын археологичдын хамтарсан баг Хүннүгийн археологийн судалгаанд томоохон дэвшил гаргасныг онцолсон юм. Тухайлбал, хамтарсан судалгааны баг Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаас Хүннүгийн хаадын зуны ордныг илрүүлснийг тодотгосон.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхсон гадаадын анхны хүндэт зочид болж буйг “Чингис хаан” үндэсний музейн захирал онцлон тэмдэглэв.

Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд дарга П.Батчимэг болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 


БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй