
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар 12 аймгийн 52 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 76 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Урьдчилсан байдлаар ойн 2791 га, хээрийн 691,998 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Дээрх ой, хээрийн гал түймрийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40.7 хувь, сүүлийн 5 жилийн мөн үеийн дундажтай харьцуулахад 38 хувь өссөн дүнтэй байна.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 271 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна. Түймрийн голомт руу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас 30 алба хаагч, 3 автомашинтай өнөө өглөө хөдөлгөөн үйлдсэн. Тус түймэрт урьдчилсан байдлаар Хушаат суманд 2 гэр, 3 өвөлжөө, нэг ковш өртөж шатсан байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулж, хойд хэсэгт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийн нийт 150 хүн, 27 автомашинтайгаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 2 гэр, 10 өвөлжөө, 1 трактор өртсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд гарсан түймрийн голомтод НОБГ-ын дарга хурандаа Г.Галбадрахаар ахлуулсан Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид ажиллаж, өчигдөр /2025.04.28/ 23:10 цагт цурманд оруулан, өнөөдөр /2025.04.29/ 10:30 цагт бүрэн унтраалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна | ||
Үзсэн: 211 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.