
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулж Украинтай дайн байлдааны бүх ажиллагааг тавдугаар сарын 8-наас 3 хоног зогсоох шийдвэр зарласан. Украиныг мөн адил арга хэмжээ авахад уриалаад байна. Украины эрх баригчид тэгвэл энх тайван тогтоох хүсэлтэй л бол Орос улс нэн даруй гал зогсоох ёстой гэж мэдэгдсэн бол, АНУ-ын Ерөнхийлөгч түр бус, бүрмөсөн гал зогсоохыг хүсэж байгаа гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.
ОХУ-ын зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч В.В.Путины шийдвэрээр хүмүүнлэгийн үүднээс Ялалтын 80 жилийн ойг тохиолдуулж, Тавдугаар сарын 8-ны өглөөний 7 цагаас 10-11-нд шилжих шөнийн 00 цаг хүртэл Оросын тал түр эвлэрэл зарлаж байна” гэж мэдэгдэлд дурджээ. Үүний зэрэгцээ Украины тал түр эвлэрлийн энэ журмыг зөрчих нөхцөлд ОХУ-ын Зэвсэгт хүчин зохих ёсны үр дүнтэй хариуг өгөх болно гэж Кремль мэдэгджээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Ялалтын баярт зориулж Ерөнхийлөгч Путины зарласан түр эвлэрлийг Оросын талын үнэнхүү сайн санааны илрэл” гэдгийг онцолжээ. Гэхдээ Украины тал энэ хугацааг дагаж мөрдөнө гэдэгт эргэлзэж байгаагаа Россия-1 тв-д илэрхийлсэн байна.
Украины ерөнхийлөгч Зеленский тэгвэл, Украин улс дайныг эцэс болгохын төлөө бүх түнштэйгээ хамтарч ажиллахад бэлэн, харин Орос АНУ-г мэхэлж, дэлхийг төөрөгдүүлсээр байна гэж мэдэгджээ. Украины ГХЯ-ны сайд Андрей Сибига гагцхүү, үнэхээр энхийг хүсэж байгаа бол бүрмөсөн гал зогсоох ёстой гэдэг байр суурийг өмнө нь илэрхийлсэн байна. Түүний араас Зеленскийн ажлын албаны дарга Андрей Ермак парадад зориулж бус, бат бэх жинхэнэ энх тайвны төлөө гал зогсоох хэрэгтэй гэж телеграм сувагт бичжээ. Оросын Ерөнхийлөгч 4-р сарын 19-21-ний хооронд христ шашинтнуудын Улаан өндөгний баярыг тохиолдуулж дангаар гал зогсоох дэглэм тогтоож байсан. Украины Ерөнхийлөгч В.Зеленский энэ түр эвлэрлийг мөн дагаж мөрдөхөөр зөвшөөрч, бас сунгах санал дэвшүүлж байсан. Үүний зэрэгцээ тэрбээр Москваг улаан өндөгний баярын түр эвлэрлийн үеэр дайралт довтолгоогоо үргэлжлүүлж, 2000 гаруй удаа зөрчсөнд буруутгасан юм.
Ингэж Оросын тал гал зогсоох дэглэмийг зөрчсөнөөс үл хамааран 30-с дээш хоног дахин цааш сунгах боломжтойгоор иргэний дэд бүтцэд алсын ажиллагаат нисгэгчгүй онгоц, пуужингуудаа цохилт өгөхийг түдгэлзүүлэх шинэ түр эвлэрлийн санал дэвшүүлсэн боловч 21-ний өдрөөс Оросын тал нисгэгчгүй онгоцын дайралтуудаа сэргээжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч ялалтын баярыг тохиолдуулж гурав хоног гал зогсоохоо мэдэгдэв | ||
Үзсэн: 244 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.