
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны яамны ажилтан Кристина Хоффет болон тус улсын Бээжин дэх Элчин сайдын яамны ажилтан Фабиан Бэерисвил нарыг өнөөдөр /2025.04.30/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Улсын Их Хурлын Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагтай Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх чиглэлээр 10 гаруй жил үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцлов. Тэрбээр, 2017-2023 онд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд парламентын хянан шалгалтын шинэ тогтолцоог бүрдүүлж, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг 2021 онд батлан хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлж ажилласныг тодотгосон. Түүнчлэн хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийх механизмыг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад Улсын Их Хурлын болон Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа онцгой чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэсэн юм.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улс 2019, 2023 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж ардчиллыг бэхжүүлэх, сонгодог парламентын засаглалыг төлөвшүүлэх чиглэлээр тогтолцооны томоохон шинэтгэлийг эхлүүлсэн талаар танилцуулсан. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 76-аас 126 болгон нэмэгдүүлснийг дурдаад, холимог системээр явуулсан сонгуулийн үр дүнд 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь ардчиллын суурь үнэт зүйл болсон хүний эрх болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хамгаалах баталгааг бэхжүүлэх чиглэлээр олон үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлсний нэг үр дүн хэмээсэн.
Өмнө хэрэгжсэн төслийн хүрээнд гарсан үр дүнг бататгах, Монгол Улс болон Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Парламентын институцийг бэхүүлэх нь” төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгааг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга тодотгоод, төслийн хүрээнд амжилттай хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулсан.
Тухайлбал, УИХ-ын шинэ стратегийн бичиг баримтаа батлуулж, стратегийн эхний зорилгоо Улсын Их Хурал хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр тусгасныг онцолсон.
Швейцарын Холбооны Улсын Бээжин дэх Элчин сайдын яамны ажилтан Фабиан Бэерисвил, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүргэж, амжилттай хэрэгжүүлдэгт сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн. Тэрбээр хамтдаа суралцаж, туршлагаа хуваалцан хөгжиж институцээ бэхжүүлэх нь чухал гэдгийг дурдаад, парламентын ардчиллыг бэхжүүлэх хамтын ажиллагаа илүү үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэсэн.
Уулзалтын үеэр парламентын ажлын албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Улсын Их Хурал ардчилсан парламентын шалгуур үзүүлэлтээр өөрийн үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлж ажиллах зэрэг асуудлаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
УИХ: Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны яамны төлөөлөгчидтэй уулзлаа | ||
Үзсэн: 137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.