Шууд Chart

Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

2025-05-01 13:30:50

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, О.Саранчулуун, А.Ариунзаяа, Д.Энхтуяа нар Олон улсын хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах энэ өдөр /2025.05.01/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, “Туршлага бол хүч” уриан дор ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж буйг албан ёсоор мэдэгдлээ.

Тус хөтөлбөрийг санаачлагч, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Монгол Улсын 10 хүн тутмын нэг нь тэтгэврийн насныхан байгаа бөгөөд энэ тоо цаашдаа өсөх төлөвтэй байгааг тодотгосон. Ахмадуудын нийгмийн идэвх оролцоог өндөр байлгаж, залуу үетэйгээ харилцаатай байх нь маш чухал тул УИХ-ын гишүүдийн хамтаар “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэх болсон гэж байлаа.

Хэвлэлийн бага хуралд оролцсон УИХ-ын гишүүд Ахмад настны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинээр хэрэгжиж буй зохицуулалтууд болон тэтгэврийн насны хүмүүсийн амьдралын идэвх, нийгмийн оролцоо, сэтгэл зүйн асуудлаарх зарим статистик, хэрэгцээ шаардлагын талаар сэтгүүлчдэд танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүн төвтэй үзэл санаа бүхий нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” санаачилгыг дэвшүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд “Олон ургалч үзэл бүхий дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлнэ” хэмээн тусгасан. Энэ хүрээнд ахмадын нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад УИХ манлайлж, эерэг нөлөө үзүүлэх, үе хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх залгамж холбоог чухалчлан мэдлэг, туршлага бүхий ахмадуудыг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд татан оролцуулах, Улсын Их Хурлын гишүүдэд мэдлэг, туршлагаа хуваалцах, бодлогын шийдвэр гаргахад тэдний оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж “Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон аж.

Тус хөтөлбөрт улс төр, нийгэм, шинжлэх ухааны салбарт удирдах, зөвлөх албан тушаал хашиж байсан 55 наснаас дээш эмэгтэй, 60 наснаас дээш эрэгтэйг хамруулах бөгөөд сонгогдсон ахмад настнууд Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт шалгалт хийх үйл ажиллагааг олон нийт, ахмад настны төлөөлөлд таниулж, мэдлэг ойлголт өгөхөөс гадна өөрийн мэдлэг туршлагаараа Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөх юм.

Хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагчаар УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, УИХ дахь Ахмадын оролцоог дэмжих бүлэг тус тус ажиллах юм.

“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой ахмадууд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд гишүүнчлэлтэй ахмадын холбоо, клубээр дамжуулж мэдээллээ илгээх, www.parliament.mn вэб хуудасны цахим парламент цэсээс Ахмадын хөтөлбөрт бүртгүүлэх сонголтыг хийж бүртгүүлэх боломжтой.

Зохион байгуулагчид хөтөлбөрт хамрагдах хүсэлт ирүүлсэн ахмад экспертүүдийн бүртгэлийн санг үүсгэж, УИХ-ын гишүүдэд мэдээллийг хүргүүлэх бөгөөд гишүүдээс 2025 онд хамтран ажиллаж, зөвлөгөө авч ажиллахаар сонгосон 30 хүртлэх оролцогчдыг эрэмбэлж, санал гаргасан гишүүдийн алба хамтран ажиллах цагийн хуваарь, хөдөлмөрийн хөлс зэргийг хариуцаж, сонгогдсон ахмад эксперттэй зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажиллах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй