Шууд Chart

Нийслэлийн 24 мега төслийн бүтээн байгуулалтын ажилд “Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци” ГҮТББ-тай хамтран ажиллана

2025-05-02 17:45:29

Монголын цемент үйлдвэрлэгчид хамтран анх удаа “Цемент Экспо 2025” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийн бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь шуурхай гүйцэтгэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор НЗДТГ болон “Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци” ГҮТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Тодруулбал, Монголд цемент үйлдвэрлэдэг зургаан том компани байдаг бөгөөд жилд дунджаар 5.5 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдэд цемент нийлүүлэх бүрэн боломжтой гэсэн үг юм. 

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Санамж бичгийн хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн бүтээн байгуулалтын ажилд Монгол Улсын дотооддоо үйлдвэрлэсэн цементийг давуу байдалтайгаар авна. Ингэснээр цемент үйлдвэрлэгч монгол компаниудын бүрэн хүчин чадлыг ашиглан, ойролцоогоор 40-50 сая ам.долларыг дотооддоо үлдээх боломжтой. Нөгөөтээгүүр монгол хүн эх орондоо ажиллах, үндэсний үйлдвэрлэгчид дотооддоо нэмүү өртгөө шингээх, аж үйлдвэрлэлээ дэмжих чухал ач холбогдолтой” гэв.

Түүнчлэн уг арга хэмжээний үеэр Монгол Улсын барилга, бүтээн байгуулалт, хүнд аж үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүд, ханган нийлүүлэгчид, хэрэглэгчид цугларч, шинэ технологи, тогтвортой хөгжил, салбарын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын шилдэг практик туршлага, чанар стандарт зэрэг сэдвээр хэлэлцэж, харилцан туршлага солилцсон юм.


Нийслэлийн 24 мега төслийн бүтээн байгуулалтын ажилд “Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци” ГҮТББ-тай хамтран ажиллана  
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй