Шууд Chart

АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн Елиа Гэгээ Норрис хүүг хүлээн авч уулзлаа

2025-05-03 11:11:45

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад үрчлэгдсэн Елиа Гэгээ Норрис ээжийн хамт эх орондоо ирэх үеэр нь Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр хүлээн авч уулзлаа.

Елиа Гэгээ Норрис хүү 2015 онд “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан Америкийн Нэгдсэн Улсын иргэн Флоренс Норрис Матонсын гэр бүлд үрчлэгдэж, 10 жилийн дараа ийнхүү эх орондоо ирсэн байна. Тэрээр Америкийн Нэгдсэн Улсын Хойд Каролина мужийн дунд сургуульд суралцдаг бөгөөд ирээдүйд NBA-н алдартай тамирчин болох мөрөөдөлтэй аж.

Флоренс Норрис Матонсын гэр бүл Монгол Улсаас хоёр хүүхэд үрчилж авсан бөгөөд хүүгийн ээж Флорэнс Лав Норрис хоёр сайхан хүү өсгөж буйгаа “Бурхнаас ирсэн том бэлэг” хэмээн ярьсан юм. Мөн тэрбээр Монгол Улсын хоёр иргэнээ итгэж үрчлүүлсэнд талархал илэрхийлсэн юм.

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцын хүрээнд гадаадын гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, үрчлэгдсэн хүүхдүүдэд хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд олон улсад үрчлэгдсэн хүүхдүүдтэй ийнхүү эргэх холбоотой ажиллаж байна.

Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 277 хүүхдийг АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд, Итали зэрэг 18 орны гэр бүлд үрчлүүлсэн. Эдгээрээс хамгийн олон буюу АНУ-д 157 хүүхэд үрчлэгдэн амьдарч байна.


АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн Елиа Гэгээ Норрис хүүг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй