Шууд Chart

Марафончид Бүрд суманд ирлээ

2025-05-04 14:40:26

Монгол Улсын дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг төв цэгтэй холбосон 5000 км замыг туулахаар дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Алтай Таван Богдын Сонгинотын даваанаас гараагаа эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер, дэд ахлагч Б.Буянхишиг нар тавдугаар сарын 4-ний энэ өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд хүрэлцэн ирлээ.

Тэд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай гэсэн таван аймгийг хөндлөн туулж, энэ өдөр Монгол Улсын төв цэгт ирж, өмнөө тавьсан зорилгынхоо нэг шатыг нь биелүүллээ. Эх орныхоо чулуу бүрийг мэдэрч гүйсээр төв цэгийн “Соёмбо” суваргын дэргэд ирэхэд 1525 км замыг туулсан байна.

Марафон гүйгчид үргэлжлүүлэн Улаанбаатар хотын чиглэлд гүйх бөгөөд тэднийг замд нь буюу Булган аймгийн Рашаант сумын зааг дээр хурандаа Г.Мөнхбат захирагчтай Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан угтах авах мэдээлэл байна. Учир нь тус ангийн эмэгтэй цэргийн алба хаагч гүйж байгаатай холбогдуулан анги хамт олноороо дэд ахлагч Б.Буянхишиг болон түүний хамтран гүйгч ахлах ахлагч Э.Даваажамц нарт урам зориг өгч, амжилт хүсэхээр тов тогтоожээ.

Ташрамд дурдахад, Монгол орны төв цэгийн байршлыг 1979 онд газар зүйн шинжлэх ухааны эрдэмтэн Ш.Шагдар, Өвөрхангай аймгийн Бүрд сумын төв дэх "Онгон"гэдэг газраас урагш 13,5 км зайд байгаа Сант уулын өвөр, Өвөр хөшөөтийн булаг гэдэг газар гэж тодорхойлжээ.

Эрдэмтэн, профессор үүнийг нотлохдоо газарзүйн солбилцлын арга, тэгш өнцгийн арга, квадратын болон тойргийн аргаар тодорхойлон тогтоож хойд өргөргийн 46 градус 52 минут, зүүн уртрагийн 103 градус 50 минутын солбилцолд далайн түвшнээс 1690 метрт өргөгдсөн талбайд манай орны зүүн, баруун захаас адилхан 1219,5 км-т, хойт захын цэгээс 690 км, өмнөд цэгээс 600 км-т орших уг булгийг гэж үзжээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 


Марафончид Бүрд суманд ирлээ  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй