Шууд Chart

СЕХ: Бангладеш Улсын сонгуулийн хорооны төлөөлөгчидтэй уулзав

2025-05-06 14:49:47

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Сонгуулийн хорооны гишүүн Абдур Рахманел Масуд, Ажлын албаны үйл ажиллагаа хариуцсан захирал Абдул Халим Хан нарыг өнөөдөр (2025.05.06) хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын сонгуулийн байгууллагын талаар туршлага солилцох уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төвийн захирал С.Тамир, “Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Оюунтуяа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх асан, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од нар оролцож мэдээлэл өгсөн юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны эрх зүйн байдал, чиг үүрэг, сонгуулийн тогтолцоо болон Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар мэдээлэл өглөө. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний томилгоо, хараат бус байдлын талаар Бангладеш улсын Сонгуулийн хорооны төлөөлөгчид тодруулж, сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтын талаар туршлага солилцох хүсэлтээ илэрхийлэв. Сонгуулийн автоматжуулсан системийн эрх зүйн орчин, ашиглалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төвийн захирал С.Тамир дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулсан юм.   



Бангладеш улс 123 сая 750 мянган сонгогчтой бөгөөд сонгуулийн нэг тойрогт 412 мянга орчин сонгогч ноогддог. Сонгуулийг сонгуулийн байгууллагын 826 мянга, хууль сахиулах чиг үүргийн 640 мянга, нийтдээ 1 сая 467 мянган ажилтан зохион байгуулдаг бөгөөд 42 мянган хэсэгтэй талаарх тоон мэдээллийг Сонгуулийн хорооны гишүүн Абдур Рахманел Масуд өглөө. Сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх, залуу сонгогчдыг идэвхжүүлэх, сонгуулийн боловсрол олгох нь сонгуулийн байгууллагын хувьд тулгамдсан гэдгийг тэрбээр яриад энэ талаар Монгол Улсын туршлагыг сонсох хүсэлтэйгээ илэрхийллээ.

Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа хөтөлбөр, үйл ажиллагааны талаар “Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Оюунтуяа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хэрэгжилтийн талаар уг төслийн зөвлөх асан Э.Гэрэлт-Од мэдээлэл өгөв.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын сонгуулийн тогтолцоо, сонгуулийн байгууллагын талаар мэдээлэл авч, туршлага солилцсонд баяртай байгаагаа илэрхийлээд сонгууль ажиглахыг урьсан юм.


СЕХ: Бангладеш Улсын сонгуулийн хорооны төлөөлөгчидтэй уулзав  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй