
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал, О.Номинчимэг нарын ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Венецийн комиссын дэд ерөнхийлөгч Марта Картабиа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар уулзалтын эхэнд, Монгол Улс нь ардчилсан тогтолцоог бэхжүүлж, хүний эрхийг хангах, хамгаалах хууль эрх зүйн орчныг олон улсын жишигт хүргэх зорилтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлыг эхлүүлснийг тодотголоо.
Мөн тэрбээр хуулийн төсөлд Европын зөвлөлийн Венецийн комиссоос санал, зөвлөмж өгөн, хамтран ажиллахыг хүсээд Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны танин мэдэхүйн болоод практик ойлголтыг хөгжүүлэх нь ардчиллын баталгааг хангахад чухал ач холбогдолтой гэв.
Түүнчлэн Үндсэн хуулийн цэцэд ирсэн гомдол, маргааныг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт, цэцийн гишүүнд тавих шалгуур, шаардлага, тэднийг нэр дэвшүүлэх, томилох үйл явцын ил тод, нээлттэй байдал, хараат бус байдлыг хангах баталгаа, иргэний үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх журмыг тодорхой болгох зэрэг нарийвчилсан зохицуулалтуудыг төслийн шинэчилсэн найруулгад тусгах шаардлагатай гэж байлаа.
Венецийн комиссын дэд ерөнхийлөгч Марта Картабиа, Үндсэн хууль нь хүний эрхийг сахин хамгаалах гол институц байдгийг дурдаад хүний эрхийн асуудалтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг зохицуулахдаа гаргаж байгаа шийдвэр нь иргэнд бодитоор хэрхэн тусаж байгаад илүүтэй анхаарах нь чухал гэж байлаа.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой санал, зөвлөмж өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Венецийн комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.