
Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын ойд зориулсан арга хэмжээтэй холбогдуулж Москвад ойрын өдрүүдэд интернэт хязгаарлаж болзошгүй байгаа аж. Баярын арга хэмжээний аюулгүй байдлыг хангах хүрээнд ийм хязгаарлалт хийж болзошгүй гэсэн ОХУ-ын онцгой байдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх Улсын нэгдсэн системээс Даваа гарагт Тасс-ын сурвалжлагчид мессежээр ирүүлсэн мэдээлэлд тулгуурлаж энэ тухай мэдээлсэн байна.
Мөн өчигдөр Москва болон Москва мужид үүрэн холбоо өргөн хүрээнд доголдсон байна. Билайн, МТС, Мегафон, Т2 зэрэг үүрэн холбооны сүлжээнүүдэд гацаа саатал гарсан тухай мэдээллүүд ирж байгаа юм байна. Билайн, Мегафон компаниудын төлөөлөгчид сүлжээний тасалдал гацаа тухайн компаниудаас шалтгаалаагүй гэдэг мэдээлэл өгснийг Тасс мөн уламжилсан байна. Түүнээс гадна гар утаснаас интернэтэд нэвтрэхэд саатал учирч байгааг Даундетектор сервисийн мэдээллүүд харуулж байгаа юм байна. Улмаар интернэт хангамжийн компаниуд вайфай сүлжээгээр интернэт орохыг зөвлөж байгаа ажээ. Москва хотын цагдаагийн газраас нийслэл хотын хэмжээнд бүх төрлийн нисдэг төхөөрөмжид хаалттай бүс зарлаж, зөрчсөн хүмүүст захиргааны болон эрүүгийн хариуцлага ногдуулна гэж мэдэгдэл гаргасан байна. Үүний өмнө Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүн нарыг Москвад болох ялалтын парадад очихгүй байх нь дээр гэсэн уриалга дэвшүүлж, ОХУ-ын нутагт болж байгаа зүйлсэд бид хариуцлага хүлээхгүй гэдэг байр суурь илэрхийлжээ.
Мөн Оросын тал энэ өдрүүдэд юу хийхийг бид мэдэхгүй, өөрсдөө янз бүрийн галдан шатаах, дэлбэлэх зэрэг үйлдлүүд хийж, дараа нь биднийг буруутгаж болзошгүй тул Украины талаас аюулгүй байдлын ямар ч баталгаа өгөхгүй гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Оросын нийслэлд болох ёслолд олон улсын өндөр дээд зочид олноор оролцохын дотор Хятад улсын дарга Ши Жиньпин, Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Сильва, Казахстан, Беларус, Куб, Венесуэл зэрэг улсын төрийн тэргүүн оролцох гэж байгаа юм байна. Түүнээс гадна Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо очихоо нотолсон бол, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди очихгүй болсноо мэдээлжээ. Үүний зэрэгцээ ЕХ-ны зүгээс Холбоонд нь элсэхээр төлөвлөж байгаа улс орнуудын удирдагчдыг ОХУ-д болох энэ удаагийн ёслолд очихгүй байхыг зөвлөсөн байр суурийг мөн илэрхийлж байгаа юм.
Москвад тавдугаар сарын 9-нийг хүртэл интернэт хязгаарлаж болзошгүй | ||
Үзсэн: 175 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.