Шууд Chart

Д.Трампын бодлогоос үүдэж Европт суурьших америкчуудын тоо урьд байгаагүйгээр нэмэгджээ

2025-05-06 16:40:34

Д.Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш Америкийн иргэдийн гадагш чиглэсэн урсгал урьд урьдахаас онцгой нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм байна. Тэр дундаа улстөрийн шалтгаанаар Европ руу гарч амьдрах хүсэлтэй америкчуудын тоо эрс нэмэгдэж байгаа энэ үед ЕХ харин судалгааны хүрээлэнгүүддээ Америкаас эрдэмтэн судлаачдыг татах аяныг албан ёсоор эхлүүлж байна. “ШУ-ны төлөө Европыг сонго” нэртэй энэ хөтөлбөрийн нээлтийг өчигдөр Парист хийж, ЕК-ийн дарга Урсула фон дер Ляйен энэ хөтөлбөрт нэмэлтээр 500 сая еврогийн хөрөнгө оруулах төлөвлөгөө зарласан байна.

Ирландын Гадаад хэргийн яамны мэдээгээр, тус улсад цагаачлах хүсэлт гаргасан америкчуудын тоо энэ оны эхний 2 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 60 орчим хувиар нэмэгджээ. Улмаар ийм өргөдлийн тоо 4300-д хүрсэн байгаа нь сүүлийн 10 гаруй жилийн түүхэнд байгаагүй өндөр дүн болсон байна. Францад мөн адил дүр зурагтай, энэ оны эхний 3 сарын байдлаар 2300 америкаас удаан хугацаагаар оршин суух хүсэлт гаргасан байна. Мөн Их Британид өнгөрсөн 2024 оны сүүлийн 3 сарын хугацаанд АНУ-ын харьяат 1700 гаруй иргэн иргэншил авах болон оршин суух хүсэлт ирүүлсэн байгаа нь сүүлийн 20 гаруй жилд байгаагүй өндөр тоо болсон байна. Британий Цагаачлалд зөвлөх үйлчилгээний байгууллага үүнийг АНУ-ын иргэдээс хандсан тохиолдлын тоо 25 гаруй хувиар өссөн дүн гэж мэдээлсэн байна.

АНУ дахь цагаачлалын зөвлөгөө мэдээлэл өгдөг байгууллагууд ч мөн өнгөрсөн оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуулиас хойш үйлчилгээний эрэлт нь онцгой ихэссэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Эдгээр байгууллагад хандаж байгаа хүмүүсийн нийтлэг хэлж байгаа шалтгаанд улстөрийн бодлого, нийгмийн асуудал, мөн буу, зэвсэгтэй халдлагууд дурдагддаг байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, ЕК-ийн дарга Урсула Фон Дер Ляйен нар  өчигдөр Парист гадаадын судлаач эрдэмтдэд, тэр дундаа америкчуудад зориулсан “Европыг сонго” нэртэй бага хурлыг зохион байгуулсан байна. Америкчуудын нүүдэл Скандинавын хойгийн орнууд руу мөн тэлж өргөжих төлөвтэй байгаа нь Швед, Норвег зэрэг улс АНУ дахь зарим судалгааны санхүүжилт танагдсаныг Америкаас шилдэг сайн эрдэмтдийг татах замаар шинжлэх ухааны ололт дэвшлээ түргэтгэх боломж гэж харж байгаатай холбоотой байна.

Шведийн Боловсролын сайд Йохан Персон тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрүүдэд өртөж байгаа эрдэмтэн судлаачдад урт хугацааны хөрөнгө оруулалт, эрдэм судалгааны эрх чөлөөг амлан дэлхий, хүн төрөлхтөнд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд тустай судалгааны ажлуудаа улсад нь үргэлжлүүлэхийг урьсан уриалга мэдэгдэл гаргажээ. Норвегийн судалгааны Зөвлөл байгууллага мөн өнгөрөгч 7 хоногт олон улсын судлаачдыг татах 100 сая кроны буюу 10 сая ам.долларын хөтөлбөр зарласан. Харин АНУ-ын зарим хүрээлэн энэ байдлыг эсэргүүцэж байна. АНУ-ын Коллеж, их сургуулиудын Холбоо тухайлбал, Засгийн газрын болон улстөрийн урьд байгаагүй хүчтэй дарамт шахалтын нөлөөгөөр Америкийн дээд боловсролын салбар аюулд орж байгааг шүүмжилсэн мэдэгдэл өнгөрсөн сард гаргасан. Шинжлэх ухааны Nature сэтгүүлийн мэдээгээр, энэ оны 1-3-р сарын хооронд гадны улсад ажиллахаар хүсэлт гаргасан Америкийн эрдэмтдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 32 хувиар өсжээ. Гэхдээ ингэж нүүж шилжих хүмүүст улстөрийнхөөс гадна өөр чамгүй олон бэрхшээл тулгарч байгаагийн тоонд баталгаатай ажлын байр, Европт цалин бага, мөн зайнаас ажиллах боломж хязгаарлагдах, дээрээс нь АНУ-ын иргэн хаа байгаа газраасаа орлогын татвар төлөх ёстой байдаг зэрэг асуудал байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Д.Трампын бодлогоос үүдэж Европт суурьших америкчуудын тоо урьд байгаагүйгээр нэмэгджээ  
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй