Шууд Chart

П.Соронзонболд: Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2025-05-07 12:00:26

Улсын онцгой комиссоос гамшиг осол, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Он гарснаас 2155 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Он гарснаас 2155 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн.Үүний улмаас 80 хүн амиа алдаж, 54 хүн гэмтэж урьдчилсан байдлаар 23.7 тэрбум төгрөгийн бодит хохирол учраад байна. Аюулт үзэгдэл, гамшгийн хор уршгийг арилгахад онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 17545 аврагч, 3898 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 760 гаруй хүний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн 184 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж ажилласан гэсэн мэдээлэл байна. Ослын тохиолдын дийлэнх хувийг гал түймрийн дуудлага эзэлж байна.

Нийт 1859 удаагийн гал түймрийн тохиолдол бүртгэгдсэнээс 1774 нь обьект, 85 нь ой хээрийн түймэр байна. Газар хөдлөлт 25 удаа бүртгэгдсэн. Одоогоор сургуулийн дээвэр, байшингийн хана, тааз цуурсан гэдгээс өөр бодит хохирол учраагүй. Ус цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан гамшигт үзэгдэл гэвэл зам даваа хаагдаж, цасанд боогдох гэх мэт 38 дуудлага бүртгэгдсэн. Хүний үйл ажиллагаанаас хамааралтай 220 дуудлага бүртгэгджээ.

Обьектын түймрийн 14.5 хувь нь өнжмөл өвс, хог хаягдалтай холбоотой

 

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа П.Соронзонболд: Он гарснаас хойш объектын гал түймэр 1589 тохиолдол бүртгэгдсэн байна.Гал түймэрт 7 иргэн амь насаа алдсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Ой хээрийн түймэр улсын хэмжээнд 12 аймгийн 57 сум нийт 84 бүртгэгдсэн. Өчигдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд гарсан хээрийн түймрийн бүрэн унтраасан.

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг суманд гарсан  түймрийг унтраахаар ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийн баруун хэсгийг бүрэн унтраасан. Зүүн талын хязгаарлалтад авсан байгаа. Энэ түймэр гарсан хэсэгт автомашин очих боломжгүй, учраас түймрийг унтраах ажиллагаа удаашралтай байгаа. Мөн Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймэр дээр онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон орон нутгийн мэргэжлийн анги байгууллага ажиллаж байна. Объектын түймрийн 14.5 хувь нь өнжмөл өвс, хог хаягдалтай холбоотой.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

П.Соронзонболд: Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй