
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр /2025.05.07/ зохион байгуулав.
Сонсгол 09 цаг 16 минутад, гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлсэн. Төсвийн байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 8 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар товлож, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг сонсгол даргалагчаар сонгон, сонсголыг зохион байгуулахаар болсон билээ.
Ингээд нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням даргалж, сонсголын дэг болон Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулсан.
Нэр дэвшигч Сандаг овогтой Магнайсүрэн нь 1975 онд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн./дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг баклавр, магистрын зэрэгтэй тус тус төгссөн. 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1999-2000 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Улсын Их Хурлын гишүүний туслах, 2000-2005 Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байна.
Нэр дэвшигчтэй холбогдуулан иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын захирал Т.Амарзаяа иргэний нийгмийн байгууллагуудаас аудит хийлгэх хүсэлт гаргасан нөхцөлд хэрхэн хамтарч ажиллах, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг хангахад ямар байр суурь баримтлахыг лавласан. Нэр дэвшигч хариултдаа, аудитын сэдвийг сонгохдоо иргэдийн ашиг сонирхлыг хөндсөн, хариу хүлээсэн сэдвийг нэн тэргүүнд тавих, хоёрдугаарт иргэдийн саналыг харгалзан үзэж, аудитын сэдвээ сонгож Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлж, батлуулдаг. Энэ хүрээнд асуудлыг авч үзнэ гэв. Мөн аудитын хараат бус байх үндсэн зарчим нь хангагдаж байж мөн чанар нь шийдэгддэг. 2000 онд Төрийн аудитын тухай хуулийг Улсын Их Хурлаас батлахдаа энэхүү хараат бус байх асуудлыг нэлээдгүй өндөр түвшинд сайн хуульчилсан. Ер нь хараат бус байдлын талаарх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн гэж үздэг хэмээв.
Дараа нь “Үнэн хатамж” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа аудитын сэдэвт иргэдийн саналыг чухалчлан үзнэ гэсэн нь сайшаалтай байгааг тэмдэглээд, жил бүр төсвийн төсөлд өгдөг аудитын зөвлөмжийг үр дүнтэй болгоход цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тодруулсан. Нэр дэвшигч С.Магнайсүрэн хариултдаа, 2024 онд адуитын байгууллагаас 9629 зөвлөмж хүргүүлсэн бөгөөд биелэлт нь 75.2 хувьтай байгаа нь шийдвэрийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай байгаа нь харагдаж байна гэж байлаа.
Сонсгол гишүүдийн асуулт, саналаар үргэлжилсэн. Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, Т.Аубакир, Р.Батболд, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Батбаяр, Б.Заяабал, Ж.Баясгалан, З.Мэндсайхан, Г.Ганбаатар, Д.Батлут нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, үйл ажиллагааныхаа чиглэлд улс төрөөс хараат бус байдлыг хэрхэн хангаж ажиллах, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн тулд аудитын байгууллага нээлттэй байхад баримтлах зарчмын талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир аудитын байгууллага санхүү, гүйцэтгэлийнхээ хяналттай зэрэгцүүлээд нийцлийн аудит хийхэд анхаарах шаардлагатай талаар байр суурийг нь сонирхож байлаа.
Нэр дэвшигч хариултдаа, Аудитын хараат бус байдал нь үйл ажиллагааных нь үндсэн гол амин судас байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр аудитын байгууллагын суурь үндсийг тусгасан нь чухал алхам болсон. Үүнээс үндэслээд 2000 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Иймд уг хууль нь аудитын хараат бус байдлын эрх зүйн орчныг хангахад чиглэснийг дурдаад өнөөдрийн нөхцөлд төрийн аудитын байгууллага хараат бусаар ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Хууль зүйн хувьд хараат бус ажиллах бүх нөхцөл, бололцоо хангагдсан тул улс төрийн нам болоод бусад субъектээс үл хамаарч, хараат бусаар ажиллах боломжтой гэв.
Мөн иргэнийхээ зүгээс ч, УИХ-аас томилогдвол энэ чиглэлийн үүрэг хүлээсэн албан хаагчийн хувьд ч аудитын ил тод, нээлттэй байдал чухал асуудал гэдгийг тодотгоод цаашдаа аливаа зөрчил, хохирлыг төлүүлэхээсээ илүүтэй эрсдэлийг бага түвшинд байлгахад онцгойлон анхаарч ажиллана гэж байлаа. Мөн тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу санхүү, гүйцэтгэл, нийцэл гэсэн гурван аудитыг хийдэг. Нийгэм, эдийн засаг хөгжиж, төсөв тэлж байгаа энэ цаг үед аудитын гүйцэтгэх чиг үүрэг өсөж байна. Өнөөдөр санхүү, гүйцэтгэлийн аудитыг нийцэлтэйгээ хамт хийх асуудлыг хуулиар зохицуулсан хүрээнд явуулж байгаа. Нийцлийн аудитад онцгойлон анхаарч, хэрэгжилтийг нь хангах нь чухал гэдэгтэй санал нэг байна гэлээ.
Гишүүд Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд төрд олон жил ажилласан туршлагатай, улс төрөөс хараат бус бие даан ажиллах чадвартай хүнийг нэр дэвшүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид Үндэсний аудитын газар нь хяналтын байгууллагын хувьд төрийн болон төрийн өмчит байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, санхүүгийн мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх асуудалд ул суурьтай хандахгүй бол зөрчил, хохирлын асуудал багасгахгүй гэдгийг анхааруулж байв. Мөн төрийн аудитын байгууллагаас үр ашиггүй гэдэг дүгнэлтийг гаргасан байхад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр буй төрийн өмчит компаниудын асуудлыг цэгцлэх, хариуцлага тооцдог болох, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад санаачилгатай ажиллахыг хүсэж байлаа. Түүнчлэн санхүүгийн аудитын хүрээнд өгсөн хязгаарлалттай дүгнэлтийн дагуу холбогдох зөвлөмжийг хэрэгжүүлээд явдаг болсон. Харин гүйцэтгэл, нийцлийн аудитыг чамбайруулж, энэ хүрээнд өгсөн зөвлөмжийг биелүүлэхэд хариуцлагагүй ханддаг байдлыг зогсоох, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр ашигтай байдалд онцгойлон анхаарах, улмаар хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай бол Төсвийн байнгын хороотой нягт хамтран ажиллахыг хүсэж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Г.Дамдинням Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 133 дугаар зүйлийн 133.1-т “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана” гэснийг онцлон дурдаад үүгээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өндөрлөснийг мэдэгдлээ.
Нэр дэвшигчтэй холбоотой сонсголын тайланг гаргахаар хуралдаан хаалттайгаар үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов | ||
Үзсэн: 216 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.