
Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны үр дүн, нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, үр ашиг” сэдэвт аудитыг Монгол Улсын Төрийн аудитын байгууллага, ОХУ-ын Тооцооны танхимтай хамтран хийж гүйцэтгэлээ. Энэхүү аудитаар тус нийгэмлэгийн 2021-2023 оны үйл ажиллагаа түүний үр дүн, менежмент, хөрөнгө оруулалтын үр ашиг, гүйцэтгэл зэргийг цогцоор нь үнэлэх зорилго агуулсан юм.
Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Зөвлөлт Холбоот Улс болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу үүсгэн байгуулагдсан. Хоёр улсын 50/50 хувийн хөрөнгө оруулалттай, олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагдсан аж ахуй нэгж юм. Тус нийгэмлэг нь ОХУ-ын хөрөнгө оруулалттай төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хувьд тус улсын Тооцооны танхим үйл ажиллагаанд нь хяналт хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг.
Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн аудитын байгууллага болон ОХУ-ын Тооцооны танхим хамтран сүүлийн 10 жилд аудит хяналтыг хийгээгүй байсан. Тиймээс олон улсын хамтарсан хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн нь хоёр талт түншлэлд ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо. Аудитын үр дүнд хоёр улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл, хамтарсан менежментийн бүтэц, хариуцлагын зохицуулалт, үйл ажиллагааны үр дүнд дүгнэлт өгч, зөвлөмжүүдийг боловсруулсан.
Цаашид энэ төрлийн хамтарсан аудитын туршлага нь төрийн өмчит болон стратегийн ач холбогдол бүхий хамтарсан байгууллагуудад тавих хяналтыг улам бүр чангатгах, бодлогын үр нөлөөг үнэлэх чухал арга хэрэгсэл болж хөгжих үр дүнтэй юм гэж Монгол Улсын Үндэсний Аудитын газраас мэдээллээ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаанд хоёр улсын хамтарсан аудит хийж гүйцэтгэлээ | ||
Үзсэн: 228 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.