Шууд Chart

С.Чулуун: Ласло Фөлдешийн ажилласан газар угсаатны зүйн судалгаа харьцуулалт хийнэ

2025-05-07 15:18:53

Монгол Улсад угсаатны зүйн мэргэжлийн судалгааны салбар үүсэж хөгжсөний 40 жилийн ой, Монгол-Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ жил тохиож буй.
 
Ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музейн Судалгаа,сан хөмрөгийн эрхлэгч, доктор (Ph.D) Г.Бямбарагчаагийн санаачлан хэвлүүлж буй “Дорныг дурандахуй” Унгарын угсаатан судлаач Ласло Фөлдешийн гэрэл зургийн цуглуулга дахь Монголчуудын дүрслэл номын нээлт (2025.05.07) тус музейн номын санд боллоо.
 
Номын нээлтэд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монголч эрдэмтэн Др.Обрущанский Борбала Анна, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, дэд профессор Л.Эрдэнэболд нар оролцон үг хэлж, бусад эрдэмтэн судлаачид байлцав.
 
Унгар-Монголын эрдэмтэд олон жил монголын түүх, нүүдэлчдийн ахуй соёл, уламжлалын талаар судалсаар ирсэн. Өнөөдрийн арга хэмжээ хоёр улсын эрдэмтдийн хамтын судалгааны тасралтгүй үргэлжлэлийн нэг. Хэд хэдэн онцлогийг дурьдахад судлаач Монголын хамгийн өвөрмөц газрыг сонгож ажилласан нь санамсаргүй сонголт биш. Учир нь Дорнодын Хөлөнбуйр, Сэргэлэн Баян-Уул нь үзэмчин барга хоёр монгол улсад ирж суурьшсан хуучин уламжлалт соёл харьцангуй хадгалагдаж шинэ соёлтой хосолж байсан цаг үетэй давхцаж ажилласан гадаадын хоёр дахь мэргэжлийн угсаатан зүйч. Хуучин уламжлалт монгол ахуй соёл хадгалж нүүж ирсэн угсаатны бүлэг хүмүүс монгол улсын нутагт ирээд хэрхэн амьдарч байгааг харьцуулан харах боломжийг олгосон. Унгарын судлаачид мэргэжлийн түвшинд монголын нүүдэлчдийн түүхийг судалж XX зуунд шинжлэх ухааны судалгаа хийх ажлыг эхлүүлсэн.Түүний хийсэн судалгааны эх хэрэглэгдэхүүнийг монголын судлаачид мэдэх боломжийг олгож өгсөн гэдгийг онцлов.
 
Унгарын Угсаатны зүйн хүрээлэнтэй сүүлийн 10 гаруй жил хамтран ажиллаж байгаа бөгөөд, Ласло Фөлдешийн ажилласан газар ирэх 9 сард ажиллаж, угсаатны зүйн судалгаа харьцуулалт хийнэ гэдгээ энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун мэдэгдлээ.
 
"Дорныг дурандахуй” номонд Угсаатны зүйч Ласло Фөлдешийн Монгол улсад хийсэн угсаатны зүйн хээрийн судалгааны үеэр авсан 250 гаруй гэрэл зургууд анх удаа хэвлэгдэж буй бөгөөд, зүүн бүс нутгийн монголчуудын ахуй амьдрал, гэр орон сууц, хувцас, малчдын нүүдэл, нутагшил, гэр ахуйн эдлэл хэрэгсэл, гар урлал зэрэг олон талын агуулж буйгаараа онцлогтой.
 
Ласло Фөлдеш 1967 онд анх Монголд ирсэн, түүний авсан гэрэл зургууд нь ХХ зууны дунд үеийн Монгол малчдын нутагшил, нүүдлийн МАА эрхлэлт, монголчуудын уламжлалт амьдралын хэв маяг, хувцас хунар, гэр, орон сууц, эдлэл хэрэгслийн талаарх олон мэдээллийг агуулсан байдаг бөгөөд түүний судалгааны явцад авсан олон зуун гэрэл зургууд өдгөө Унгар улсын Угсаатны зүйн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй.

С.Чулуун: Ласло Фөлдешийн ажилласан газар угсаатны зүйн судалгаа харьцуулалт хийнэ  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй