
НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо Нийслэлийн Замын хөгжлийн газар болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан уулзалтын эхэнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Авто замын тухай хууль, Авто тээврийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаатай танилцаж байгаа гэдгийг онцоллоо. Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны гишүүн Г.Батбаяр, Э.Одонтуяа, Б.Хуягбаатар, Э.Энхтөр оролцлоо.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт болон тус газартай холбоотой тулгамдсан асуудал, иргэдээс ирүүлсэн санал гомдлын талаар мэдээлэл өглөө. Энэ жил Улаанбаатар хотын 10 байршилд шинээр зам барихаар төлөвлөсөн бөгөөд 41 байршилд авто замыг шинэчлэлийн ажил хийгдэх байна. Тухайлбал, Наадамчдын гудамжийг Нэгдүгээр хороололтой холбосон 800 метр гүүрэн байгууламж, Тоньюукукийн замаас Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто зам, Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг рүү явах авто зам зэргийг шинээр барихаар төлөвлөөд байна. Мөн Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн хүрээнд Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн бөгөөд бусад дүүжин тээвэр, метро, трамвай зэрэг томоохон төслүүдийн явцын талаар хорооны гишүүдэд танилцууллаа.
Үүний дараа Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал байгууллагынхаа бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа болон чиг хандлагын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар өдөр тутам нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн болон хот орчмын 121 чиглэлд, нийтийн тээврийн үйлчилгээг 19 аж ахуйн нэгж гүйцэтгэж байна. Ажлын өдөр 1200 , амралтын өдөр 925 автобус иргэдэд үйлчилж байгаа аж. Нийтийн тээврийн салбарт сүүлийн жилүүдэд нэлээдгүй ажил хийгдсэн бөгөөд нийтийн тээврийн хэрэгслийн 80 орчим хувь нь байгаль экологид ээлтэй хий болон цахилгаан зэрэг түлш хэрэглэж байна. Мөн нийтийн тээврийн жолооч нарын цалинг нэмэгдүүлсэн нь ажлын хүчний хомсдолоос сэргийлсэн, бүх банкны карт уншдаг болсон, “UBCARD” апп-тай болсон, бүрэн камержуулсан, 600 автобусыг WIFI-тай болгожээ. НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны гишүүд цаашдын үйл ажиллагаандаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, ая тухтай, чирэгдэлгүй, хүртээмжтэй нийтийн дээврийн үйлчилгээ авах, нийслэлийн авто замаар таатай зорчих иргэдийн эрхийг хангахад бодлогын түвшинд анхаарч ажиллахыг сануулав.
Б.Одбаяр: Энэ жил Улаанбаатар хотын 10 байршилд шинээр зам барихаар төлөвлөсөн | ||
Үзсэн: 274 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.