
Католик шашны кардиналуудын нууц зөвлөгөөн эхлээд хоёр дахь өдрөө Гэгээн ширээт улсын шинэ төрийн тэргүүн, Ромын дараагийн папыг сонгожээ. Ромын Католик сүмийн 267 дахь Папаар АНУ-ын Чикаго хотын кардинал Роберт Францис Превост тодорлоо. Тэрбээр Америк тивээс сонгогдсон хоёр дахь, АНУ-аас сонгогдсон анхны пап болж байна. Роберт Францис Превост өнөөдрөөс эхэлж 14-р Лео нэрээр дэлхийн 1,4 тэрбум католик сүсэгтнүүдийг тэргүүлэх нь ээ.
Өнөө өглөө Ватиканы Систин сүмийн яндангаас цагаан утаа олгойдсоноор шинэ пап сонгогдсоныг мэдэгдэж, Пап Лео Гэгээн Питерийн сүмийн тагтан дээр гарч ирж мэндчилжээ. Та бүхэн энх тайван байг гэж тэрбээр италиар мэндчилж, мөн испаниар үг хэллээ. 69 настай Роберт Превост нь АНУ-ын Чикагод төрсөн. Гэхдээ амьдралынхаа ихэнх хугацаанд Перу улсад амьдарч, Перугийн хамба ламаар ажиллаж, Перу-Америкийн давхар иргэншилтэй болсон хүн юм. Ингэснээр Латин америкчууд дараалан өөрсдийг нь төлөөлөх паптай болж байна. Роберт Превостын хувьд 2023 онд л кардинал болон дэвшсэн, урьд нь төдийлөн олон нийтийн өмнө гарч байгаагүй хүн юм.
АНУ-аас тодорсон анхны папад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баяр хүргэн мэндчилсэн байна. Тэрбээр манай улсын хувьд нэр төрийн хэрэг болсон гайхалтай үйл явдал боллоо. Тун удахгүй Пап Леотой уулзана гэж найдаж байна гэж хэлжээ. Шинэ папын хувьд Трамп болон дэд ерөнхийлөгч Жэй Ди Вансын бодлогыг шүүмжилж байсан удаатай юм байна. Энэ онд тангаргаа өргөсөн Ерөнхийлөгч Дональд Трампын баримталж байгаа бодлого Ромын 133 кардиналын шинэ папыг сонгох сонголтод нөлөөлсөн байх боломжтой гэж судлаач ажиглагчид үзэж байна. Трампын шүүмжилдэг, АНУ-аас гаралтай пап тодорсноор Трампын үйл хэрэгт томоохон эсэргүүцэл үзүүлж чадна гэж үзэж байна.
Пап Леод мөн Перу улсын Ерөнхийлөгч Дина Болуарте баяр хүргэсэн байна. Пап Лео мөн гэгээн дүрийг олсон Пап Францисын үйл хэргийг үргэлжлүүлэх хүн гэж дэлхий нийтээр сайшааж байна. Пап Францис нь 2000 жилийн түүхтэй католик сүмийн уламжлалыг эвдэж, илүү нээлттэй болгох тал дээр хичээнгүйлэн ажиллаж байсан хүн юм. Пап Лео гэгээн Францист талархаж явдгаа илэрхийлж, Ротын католик сүмийг орчин үетэй хөл нийлүүлэх үйл хэргийг нь үргэлжлүүлнэ гэж дурджээ. Мөн Ромын католик сүм нь дэлхий даяар энх тайванг эрэлхийлж, буян үйлдэж, зовж зүдэрч байгаа олон түмэнтэй ойр байхыг хичээдэг газар юм гэж хэлсэн байна. Тэрээр дэлхийн 70 улсаас цугласан 133 кардиналын нууц зөвлөгөөнд шинэ папаар сонгогдох магадлал хамгийн бага байсан кардиналуудын нэг байсан. Тиймээс түүний нэрийг зарлахад Гэгээн Питерийн сүмийн гадаа хүлээж байсан хүмүүс хэсэг хором зог тусан гайхширсан нь шинэ папын сонголт хэр гэнэтийн байсныг харуулж байна. Шинэ папын оноосон нэр мөн дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
Хамгийн сүүлийн Пап Лео 1878-1903 оны хооронд Католик сүмийг тэргүүлж байсан. 13-р Лео нийгмийн шударга ёсыг эрхэмлэдэг, орчин цагийн Католик сүмийг үндэслэгч пап байснаараа онцлогтой. 14-р Леогийн хувьд тэгвэл түүний үг дуу цөөтэй даруу төлөв байдал, Гэгээн Францисыг дэмждэг байсан зэрэг нь анхаарал татаж байна.
Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн анх удаа АНУ-аас тодорчээ | ||
Үзсэн: 241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.