Шууд Chart

“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног нээлээ

2025-05-12 13:54:23

Монгол Улсын Үндэсний номын сангийн бүтээл “Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног 2025 оны тавдугаар сарын 9-ний баасан гарагт Үндэсний номын сангийн мини кино театрын анхны үзвэрээр толилуулж, нээлтийн ёслолыг хийлээ.
 
Тус баримтат киног Монгол Улсын Үндэсний номын сангаас “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс”-ийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн болон бичээсний 400 жилийн ойд зориулан бүтээсэн бөгөөд Их эрдэмтэн, академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ой, "Цогт тайж" киноны 80 жилийн ойг тохиолдуулан Үндэсний бичиг үсгийн баяраар нээлтийг хийжээ. 
 
Мини кино театрын анхны үзвэр, “Цогт хунтайжийн санаашрал” баримтат киноны нээлтийн ёслолд Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, МУСГЗ Б.Ичинхорлоо, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Дуун өгүүлэгч, МУАЖ Г.Равдан, Цогт хунтайжийн холбогдолтой түүхэн сурвалжуудаар нэгэн сэдэвт бүтээл туурвиж, эрдмийн зэрэг хамгаалсан доктор Д.Бүдсүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор А.Алимаа, каллиграфын их мастер Д.Батбаяр, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурхан урлаач лам М.Эрдэмбилэг, Сүхбаатар дүүргийн ЕБ-ын 2 дугаар сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш В.Уянга нарын хүндэт зочдын төлөөлөл оролцож, Үндэсний урлагийн их театрын уртын дуучин, МУГЖ Г.Энхбаатар, морин хуурч н.Мөнгөншагай "Өвгөн шувуу хоёр" уртын дуугаар ая барилаа.
 
“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног бүтээхэд Цогт хунтайжийн түүхэнд холбогдох газар нутгаар зураг авалтыг хийж, Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн сурвалж бичгүүдэд тулгуурлан зохиолыг гаргаж, олон нийтэд дэлгэн харуулсан түүхэн сэдэвт утга уянгын баримтат кино болжээ.
 
“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног 2025 оны тавдугаар сарын 23-ны өдрийг хүртэл өдөр бүр 15:30 цагт Үндэсний номын сангийн мини кино театрын дэлгэцээр олон нийтэд толилуулна гэж Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээллээ. 

“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног нээлээ   
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй