Шууд Chart

Мэргэшсэн сувилагчаас 956 мэс заслын чиглэлээр ажиллаж байна

2025-05-12 15:18:04

Өнөөдөр Олон улсын Сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Сувилагч тандаа баярлалаа” зөвлөгөөнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй болон гавьяаны амралтаа авсан сувилахуйн салбарынхан нэгэн дор чууллаа.

Сувилагч мэргэжилтэн нь эрүүл мэндийн салбарын нийт ажиллах хүчний 15152 (22,2%), үүнээс 6,352 (44,4%) мэргэшсэн сувилагч ажиллаж байна. Мэргэшсэн сувилагчаас хамгийн их нь 956 нь мэс заслаар, хамгийн бага нь харшлын чиглэлээр ажиллаж байна. Улаанбаатар хотод 53,7% нь ажиллаж байна.

Засгийн газраас эмч, сувилагчийн зохистой харьцааг ханган тусламж, үйлчилгээнд гардан оролцож байгаа сувилагч мэргэжилтнийг түлхүү бэлтгэх бодлого баримталж тэдний оролцоог илүүтэй авч үзэх шаардлагатай хэмээн үзэж сувилагч нарыг төрийн зардлаар сургах, орон нутгийн захиалгаар нутагт нь бэлтгэх, байгууллагын захиалгаар туслах сувилагч бэлтгэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Хангайн бүсэд Анагаахын Шинжлэх Ухааны үндэсний их сургуулийн харьяа Cувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор байгуулан орон нутагт сувилагч мэргэжилтнийг бэлтгэн чадавхжуулах боломжийг бүрдүүлнэ.

Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, тэдний нийгмийн баталгааг хангах чиглэлээр салбарт төдийгүй салбар хооронд авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих 2025-2028 оны цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж цаашид сувилагчаар суралцах лицей ангийг 9-р ангиас нээх, одоогийн суралцаж байгаа оюутныг суралцах хугацаандаа сувилагчаар ажиллах боломжийг бүрдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад Нийгмийн эрүүл мэндийн сувилагч бэлтгэн ажиллуулах, төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог бэхжүүлэх, сувилагч нарыг гадаад улс оронд сурган дадлагажуулах, тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах зэрэг олон үйл ажиллагааг тусган төлөвлөөд байна.

Сувилагчдын цалин, хөлсний доод жишиг албан тушаалын зэрэглэлээр 2022 онтой харьцуулахад 2024 онд дунджаар 45 хувь нэмэгдэхийн зэрэгцээ Засгийн газрын тогтоолоор орон нутгийн нэмэгдлийг зэрэглэл харгалзахгүйгээр суманд 40 хувь, аймаг болон Нийслэлийн алслагдсан дүүрэгт 20 хувиар нэмжээ.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Мэргэшсэн сувилагчаас 956 мэс заслын чиглэлээр ажиллаж байна  
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй