
БНСУ-д ирэх 6-р сарын 3-ны өдөр ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн сурталчилгааны кампанит ажил тавдугаар сарын 12-нд эхэлжээ. Сонгуульд эрх баригч Ардын хүч намаас хөдөлмөрийн сайд асан Ким Мүн Сү өрсөлдөж байгаа бол сөрөг хүчний Ардчилсан намаас намын дарга асан И Жэ Мён өрсөлдөж байна.
Өнгөрсөн оны 12-р сард ерөнхийлөгч асан Юүн Сог Ёл цэргийн онц байдал зарлаж, улс даяар үймээн самуун дэгдээсний улмаас суудлаасаа огцорсноор ийнхүү 2025 оны 6-р сарын 3-ны өдөр ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болохоор товлогдсон. Өмнөд Солонгосын парламентад хамгийн олон суудалтай сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшигч өнгөрсөн сард тодорхой болж, намын дарга асан И Жэ Мён өрсөлдөхөөр болсон. И Жэ Мён тэргүүтэй Ардчилсан намынхан, тэдний дэмжигчид өчигдөр Сөүл хотын төвд албан ёсоор кампанит ажлаа эхлүүлэн цугларлаа. И Жэ Мёны хувьд 2022 онд анх Ардын хүч намаас нэр дэвшсэн Юүн Сог Ёлтой ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээж байсан. Өнгөрсөн онд тэрбээр мөн Бусан хотод олон нийтийн ёслолын үйл ажиллагаанд оролцож яваад хүйтэн мэсний дайралтад өртөж, шархдаж байсан удаатай. Энэ удаад мөн ерөнхийлөгчид нэр дэвшихээс өмнө түүнд холбогдсон 1 тэрбум долларын авлигын хэргийн шүүх хурал болсон ч сонгуульд нэр дэвшихтэй нь зэрэгцэн хойшлогдсон. И Жэ Мён одоогоор олон нийтийн дэмжлэгээр тэргүүлсэн хэвээр байна. Тэрбээр кампанит ажлынхаа үеэр болзошгүй халдлагаас сэрэмжилж сум нэвтэрдэггүй хантааз өмсжээ. И Жэ Мён сонгуульд ялалт байгуулбал хиймэл оюун ухаан болон Солонгосын соёлын халью давлагааны салбарт түлхүү хөрөнгө оруулах замаар эдийн засгаа дэмжинэ гэж амлаж байгаа. Мөн гадаад бодлогын хүрээнд Умард Солонгостой хурцдаад байгаа харилцааг зөөлрүүлж, Европын улс орнуудтай дипломат харилцаагаа өргөжүүлнэ гэж амласан. Тэгвэл одоо эрх барьж байгаа Ардын хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Сүгийн тухайд, өчигдөр Сөүл хотын захуудаар явж, жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдэн рүү чиглэсэн эдийн засгийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ гэж амласнаар кампанит ажлаа эхлүүллээ.
Ким Мүн Сүгийн хувьд энэ сарын 3-ны өдөр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намаасаа сонгогдсон ч нам доторх зарим хагарлын улмаас түүнийг сонгуулиас нэрээ татаж, оронд нь ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ерөнхий сайд асан Хан Дог Сүг дэвшүүлэх санал хураалт өнгөрсөн Бямба гарагт болсон. Гэсэн ч намын олонхын саналаар Ким Мүн Сү албан ёсоор нэр дэвшихээр болж баталгаажсан. Ким Мүн Сүгийн гол мөрийн хөтөлбөр нь ажлын байрыг нэмэгдүүлж, бизнест ээлтэй орчныг бий болгох юм. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол нэн даруй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, тарифын асуудлаар тохиролцоно гэж амлажээ. Мөн гадаад бодлогын хүрээнд АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа ойртуулж, цөмийн зэвсэгтэй болох гарц гаргалгааг эрж хайна гэж амлаад байна юм.
БНСУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ | ||
Үзсэн: 122 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.